Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн төв, “Эерэг ирээдүй” ТББ хамтран хамтран “Ирээдүйгээ бүү сор” тамхины эсрэг нөлөөллийн аян эхлүүлж буй талаар өнөөдөр /2024.11.27/ мэдээллээ.
Энэ үеэр Эрүүл мэндийн яамны нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Л.Баттөр ярихдаа, “Тамхины хяналтын тухай хууль 2005 онд батлагдсанаас хойш 5 удаа шинэчилсэн найруулга хийсэн. Өнөөдөр дахин энэ хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Хамгийн сүүлд 2023 онд энэ хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахдаа тамхины ургамлыг тариалах заалт оруулсан. Энэ бол тамхины хяналтын тухай хуулийн эрхзүйн байдлыг улам дордуулсан явдал боллоо. Өнөөдөр монголд хоёр эрэгтэй хүн тутмын нэг, хүн амын дөрөвний нэг нь тамхи татаж байна. Тэр дундаа сүүлийн жилүүдэд өсвөр насныхан, эмэгтэйчүүдийн дунд электрон тамхины хэрэглээ нэмэгдэж байна. Эрчүүдийн 50 хувь тамхи татдаг үзүүлэлт ерөөсөө буурахгүй байна. Электрон тамхин дээр онцгой албан татварын зохицуулалт хомс байна” гэсэн юм.