Энэ жилийн "Болор цом-42" наадмын цомын эзнээр Яруу найрагч А.Лхагва тодорлоо

Энэ жилийн "Болор цом-42" наадмын цомын эзнээр Яруу найрагч А.Лхагва тодорлоо

“Болор цом-42” яруу найргийн наадам өчигдөр СТӨ-нд боллоо. Энэ удаагийн наадмын эзнээр Монголын Зохиолчдын Эвлэл болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Аюурбуньяагийн Лхагва тодорсон байна.

Мөн "Болор цом-42" наадмын айргийн тавд яруу найрагч А.Лхагва, Л.Торой, На.Батболд, Ч.Ууганбаяр, Д.Нямдорж нар шалгарчээ.

А.Лхагва нь 1989 онд хөдөө орон нутагт анх удаа шилдэг шүлэг шалгаруулах “Болор цом” наадам болоход Дундговь аймгийн анхны тэрхүү наадмын тэргүүн шагналыг  “Толгодын шивнээ” шүлгээрээ хүртэж байжээ. Яруу найрагч А.Лхагвийн шүлгийн анхны түүвэр “Соёолон морьдын тоос” нэртэйгээр 1994 онд, 2004 онд “Сарны дарс” нэртэй удаах түүврээ гаргасан байна. Тэрээр энэхүү “Сарны дарс” номоороо 2005 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн нэрэмжит шагналыг хүртсэн юм.

2002 онд Монголын Сэтгүүлчдийн Эвлэлийн “Ган үзэг” шагнал, “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан” цол тэмдгийг хүртсэн бөгөөд “Нутгийн хоймор”, “Хурд хургасан уяа”, “Өндөр газар”, “Тост Боржигон”, “Тэнгэрийн хишигтэй Зэлтэр”, “Манлай уяач”, “Миний Дундговийнхон”, “Ижий суварга”, “Хүн чанар, чин сэтгэл”, “Дуутай нутаг-сүүтэй зам”, “Дундговийн алтан товчоон”, “Дэлгэрцогтын малчдын дэлгэрэх цадиг”, “Уяачдын алтан товчоон”, “Морьтны соёл” /зурагт цомог, 10 ангит баримтат кино/ зэрэг ном бүтээлдээ монголчуудын уламжлалт өв соёл, нүүдэлчдийн ухаан, хүн чанар, чин сэтгэл, монголчуудын язгуур мөн чанар, бахдам түүхийг тодотгон өгүүлжээ.