ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрөгч есдүгээр сарын 03 /2024.09.03/-ны өдөр манай улсад албан ёсны айлчлал хийсэн билээ.
Үүнтэй холбоотойгоор Монгол Улс "Ромын дүрэмд нэгдсэн улс болохынхоо хувьд Украин хүүхдүүдийг Орос руу хууль бусаар албадан гаргасан ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг баривчлахгүй" хэмээн манай улсыг Олон Улсын Эрүүгийн Шүүх /Гаагийн шүүх/ дуудаад байгаа бөгөөд уг асуудлыг арванхоёрдугаар сар /2024.12/-д хэлэлцэхээр болсон байдаг.
Тэгвэл тус шүүх энэ хэргийг нягтлан шалгуулахаар тус шүүхийг шүүгч Томоко Акане, Розарио Сальваторе Айтала, Жерардо Угалде нарыг томилсон байна.
Харин манай улсын Засгийн газар дээрх нэр бүхий гурван шүүгчийн хоёрыг нь солиулахаар өнгөрсөн аравдугаар сарын 31 /2024.10.31/-нд Олон Улсын Эрүүгийн Шүүхэд хүсэлт явуулсан аж. Гэсэн ч тус шүүх арваннэгдүгээр сарын 15-нд нийт шүүгчийн нэгдсэн хуралдаанаа хийж, манай улсын Засгийн газрын дээрх хүсэлтийг хэлэлцээд, санал нэгтэйгээр хүлээж авахаас татгалзсан байна.