Монгол Улсын Засгийн газраас 2023 оны аравдугаар сарын 13-ны өдөр Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлж, батлуулсан. Улмаар уг хууль энэ оны есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн юм.
-СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭСЭН ҮЕДЭЭ ГЭРТЭЭ ОРЖ БОЛОХГҮЙ БАЙХ ХУУЛЬ ЭНЭ ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ХҮЧИН ТӨГӨЛДӨР МӨРДӨГДӨЖ ЭХЭЛЛЭЭ-
Тодруулбал, Монгол Улсын Их Хурлаас 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Хүүхэд хамгааллын тухай хууль батлагдсанаас хойш нийт 6 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 10 орчим зүйл, заалтад өөрчлөлт оруулсан байдаг. Гэвч хуулийн үйлчлэх хүрээг Монгол Улсын харьяалалтай хүүхдэд л үйлчлэхээр заасан нь Хүүхдийн эрхийн конвенцтой зөрчилдөж байна гэж хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээний тайланд дүгнэснийг үндэслэн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр түр болон байнга оршин сууж байгаа хүүхэд Монгол Улсын харьяат эсэхээс үл хамааран энэ хууль үйлчилнэ. Мөн хилийн гадна байгаа Монгол Улсын харьяат хүүхдэд тус хууль үйлчлэхээр зохицуулсан байна.
Гэвч УИХ-ын гишүүн С.Одонтуяа, А.Адъяасүрэн, П.Анужин, Б.Баярсайхан, Х.Булгантуяа, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнхцэцэг, М.Оюунчимэг, Д.Өнөрболор, Д.Сарангэрэл, Б.Саранчимэг, Ч.Ундрам нарын өмнөх парламентын эмэгтэй гишүүдээс өргөн мэдүүлж, батлуулсан уг хуулийн төсөлд эцэг эхчүүд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэртээ орж болохгүй байх, хурдан морь унаач хүүхдээр нэг өдөрт хоёроос дээш морь унуулж уралдуулахгүй байх зэрэг заалтыг тусгажээ.
Тодруулбал, Уг хуулийн 22.8. Хүүхдийн дэргэд согтууруулах ундаа хэрэглэх, эсхүл хэрэглэсэн үедээ хүүхдийн амьдарч, суралцаж байгаа орчин, орон байранд нэвтэрснийг хүүхдийг эрсдэлт нөхцөлд оруулсантай адилтгаж үзэж болно гэжээ.
Улмаар хуулийн зүйл заалтыг зөрчсөн иргэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хувь хүнийг 300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 300 мянган төгрөгөөр торгох юм байна. Иймд эцэг эхчүүд согтууруулах ундааг их болон бага хэмжээгээр хэрэглэснээс үл хамааран гэртээ орж болохгүй талаар хульчилжээ. Үүнээс гадна 27.5.6 дугаар зүйлд уралдаанч хүүхдийг нэг өдөр хоёроос дээш удаа хурдан морь унуулж уралдуулахгүй байх талаар тусгасан байна.
-СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭРЭГЛЭСЭН Ч БИЕЭ УДИРДАХ ЧАДВАРТАЙ БОЛ ЭРҮҮЛЖҮҮЛЭХЭД Ч ГЭРТЭЭ Ч ОРОХ БОЛОМЖГҮЙ БОЛЖЭЭ-
Манай улсад "Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль" хүчин төгөлдөр мөрдөгдөж буй. Тэгвэл энэхүү хуулинд тээврийн хэрэгсэл жолоодож байгаа хүн, 21 нас хүрээгүй хүн, жирэмсэн эх согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно гэж заасан байна. Мөн уг хуулийн 31.1-д Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулна гэж заасан.
Гэтэл Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 5.3-д Согтууруулах ундаа хэрэглэсэн боловч өөрийн үйлдлээ удирдан хянах чадвартай, зөрчил гаргаагүй хүнийг эрүүлжүүлэх байранд хүргэхийг хориглоно гэж заажээ. Иймд иргэд согтууруулах ундаа хэрэглэсэн ч өөрийн биеэ удирдах чадвартай байгаа бол эрүүлжүүлэхэд очих боломжгүй байна. Мөн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл ёсоор насанд хүрээгүй хүүхэдтэй бол гэртээ орж болохгүй болжээ.