Хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн намар бродюрын сэдэв олны анхаарал татаж байх үеэр "УИХ-ын дарга асан З.Энхболдыг шөнийн цагаар бродюр хагалаад байж болзошгүй гэх мэдээлэл ирсэн" хэмээн мэдээлсэн байдаг.
Харин үүний хариуд УИХ-ын дарга асан З.Энхболд "Хотын дарга Х.Нямбаатар намайг бродюр хагалсан гэж мэдэгдэж, гадаадын туршуул" гэж хэлсэн. Хүний нэр төрд халдсан уг асуудлыг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандаж байна" гэдгээ мэдэгдэж байсан юм.
Тэгвэл УИХ-ын дарга асан З.Энхболд Төрийн гурван өндөрлөгт хандан гомдол гаргаж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр “Найм хоногийн дараа Үндсэн хуулийн 100 жилийн ойг тэмдэглэх гэж байна. 1992 оны Үндсэн хуулинд “Хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй” гэсэн заалт байдаг. Энэ Үндсэн хуулийн заалт хэрэгжихгүй байна. Хоёр сарын өмнө Хотын дарга Х.Нямбаатар намайг бродюр хагалсан гэж гүтгэсэн. Ийм учраас би цагдаад өргөдөл өгсөн. Би мэдээж бродюр хагалаагүй. Эрүүгийн хуулийн 13.14-т худал мэдээлэл зориудаар тараавал тэр хүн ял авдаг. Тэр заалтын дагуу би цагдаад хандсан. Гэтэл хуулийн байгууллагын алба хаагчид ажлаа хийсэнгүй. Цагдааг томилох эрх Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдад байна. Бүх прокурорыг томилдог эрх Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд байна. Эрүүгийн хуулийн 13.14-ийг гаргасан УИХ-ын дарга Л.Амарбаясгалан байна.
Энэ хуулиа хэрэгжүүл. Хэдэн муу сайн сэтгүүлч, лайвчид дарга нарын талаар мэдээлэл тараахаар худал мэдээлэл тараасан гээд тэдэнд ялыг нь өгч байна. Харин дарга Х.Нямбаатар иргэн З.Энхболдыг гүтгэхээр хууль хяналтынхан хоёр сар ажлаа хийхгүй, нэг ч удаа дуудаж байцаалт аваагүй байна. Энэ улсад хуулийг хэрэгжүүлнэ гэж төрийн гурван өндөрлөг сонгогдсон. Ажлаа хийцгээ. Өөрийн чинь томилсон прокурор ажлаа хийхгүй хоёр сар болж байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ. Өөрийн чинь томилсон цагдаа ажлаа хийхгүй хоёр сар болж байна, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээ. Өөрийн чинь гаргасан Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалт хэрэгжихгүй хоёр сар болж байна Л.Амарбаясгалан даргаа. Үндсэн хуулийн 100 жилийн ойгоор Үндсэн хуулиар олгогдсон миний эрхийг хангаж өгөхийг хүсье. Дарга ч бай, иргэн ч бай Үндсэн хуулийн өмнө тэгш эрхтэй гэдэг хуулийг батлаад бид 100 жил болсон шүү” гэжээ.