ОХУ-ын Хиагт олон улсын шалган нэвтрүүлэх боомтын гаалийн газрын ажилтнууд монгол иргэдийн автомашинд үзлэг хийх явцад таван гар утас илрүүлжээ.
Уг гар утаснуудыг автомашиныхаа урд самбарт, бээлийний хайрцагны ард нуун ОХУ руу нэвтрүүлэхийг завдсан байна. Шалгалтын үеэр уг утаснуудыг Улаанбаатараас худалдаж авсан бөгөөд Улаан-Үд хотод сурдаг ахдаа зориулж Орос руу авч явсан гэж тайлбарласан байна. Мөн гаалийн хяналтаас мэдүүлээгүй, нуун дарагдуулсан Монгол Улсын иргэнд захиргааны хариуцлага хүлээлгэх эсэхийг шалгуулж байгаа аж.
Сонирхуулахад, ОХУ-ын хилээр гарахдаа үнэ нь 500 евро, жин нь 25 кг-аас хэтрэхгүй бол хувийн хэрэгцээний барааг татваргүйгээр оруулж ирж болдог бөгөөд хэтэрсэн тохиолдолд зардлын 30%-ийг төлөх шаардлагатай байдаг байна.