Одоогоос хоёр жил гаруй өмнө буюу 2022 оны тавдугаар сард Нийслэлийн Засаг даргын А/740 тоот захирамжаар 22 байршилд газар чөлөөлөх шийдвэр гарч, Дархан цаазат Богдхан уулын тэнцвэрт байдал, ой, ургамалд сөрөг нөлөөтэй байгууламжуудыг буулгаж эхэлсэн байдаг. Гэсэн ч энэ нь тухайн газар болон "Дугуй цагаан" барилгуудыг эзэмшдэг "Монголын Үндэсний их сургууль"-ийн эсэргүүцэлтэй тулгарч, нэлээдгүй хэл ам дагуулсан. Гэсэн ч асуудал тэгсхийгээд намжсан байдаг.
Тэгвэл "Монголын Үндэсний их сургууль" Богдхан уулын дархан цаазат газарт эзэмшиж байсан газрыг нь хүчингүй болгосонтой холбоотойгоор Захиргааны хэргийн шүүхэд хандаж, эл шүүхийн маргаан нь өнөөдөр ч үргэлжилж байгаа аж.
Тодруулбал, Байгаль орчин аялал, жуучлалын сайдын 2023 оны наймдугаар сарын 01-ний өдрийн тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын ойн сангийн талбайд давхцалтай 36 иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар ашиглах эрхийг цуцалсан байна.
Үүнд "Монголын Үндэсний их сургууль"-ийн нэгдүгээр талбайн 21140 м.кв газраас 1058 м.кв, хоёрдугаар талбайн 136820 м.кв газраас 23643 м.кв газрыг ойн санд давхцалтай гэж үзэн, газар ашиглах эрхийг нь хэсэгчлэн цуцалжээ. Харин үүнийг "Монголын Үндэсний их сургууль" НҮТББ эсэргүүцэж, Захиргааны хэргийн шүүхэд хандсанаар асуудал эхэлсэн аж.
Улмаар Захиргааны хэргийн анхан шатны шүүх "Монголын Үндэсний их сургууль" НҮТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Гэсэн ч тухайн НҮТББ-аас анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ.
Уг гомдлыг шүүх хэлэлцээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Монголын Үндэсний их сургууль” НҮТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны наймдугаар сарын 01-ний өдрийн А/299 дүгээр тушаалын “Монголын Үндэсний их сургууль” НҮТББ-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрлэсэн байна. Гэсэн ч энэхүү магадлалыг хариуцагч тал болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас эс зөвшөөрч, Улсын дээд шүүхэд хандсан бөгөөд тус гомдлыг өнөөдөр /2024.11.18/ хэлэлцэхээр болжээ.
Товчхондоо, Богдхан ууланд 25.5 га газар ашиглах эрх эзэмшдэг "Монголын Үндэсний их сургууль"-ийн 2.5 га газрыг нь цуцалсныг тухайн НҮТББ-аас эсэргүүцэж, ийнхүү шүүхийн маргаан үүссэн аж.
Ташрамд өгүүлэхэд, "Монголын Үндэсний их сургууль" НҮТББ-д Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд Зайсангийн аманд 10 га газар ашиглах эрх аялал жуулчлалын зориулалтаар 2016 оны А/116 дугаар тушаалаар 2016/0109 дугаартай газар ашиглах гэрчилгээгээр 15.5 га газар ашиглах эрхийг олгож байжээ.