Олон нийтийн сүлжээнд "Удган бөө" гэх нэрээр үзэл бодлоо илэрхийлдэг иргэн Б.Юмжирдуламыг Эрүүгийн хуулийн 13.14 дэх хэсэгт зааснаар буюу "Худал мэдээлэл тараах" гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллагаас шалгаж, шүүхээс худал мэдээлэл тараах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 800 мянган төгрөгөөр торгох ял оноосон талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тодруулбал, иргэн Б.Юмжирдулам нь цахим сүлжээнд лайв, бичлэг хийхдээ гэр бүлийн харилцаатай байсан гэгдэх иргэн Г болон түүний өндөр настай ээж, гэр бүлийнхнийг нь элдвээр гутаан доромжилж, ёс бус үгээр хэлж, заналхийлдэг байсан аж.
Энэ үйлдэл нь удаан хугацаанд үргэлжилж, нэр төрд нь халдаж байсан тул иргэн Г болон түүний ах, эгч нар хуулийн байгууллагад гомдол гаргаснаар тухайн хэргийг шүүх эцэслэсэн байдаг.
Тэгвэл иргэн Б.Юмжирдуламыг цагдаагийн байгууллагаас дахин шалгаж эхэлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Тодотговол, Б.Юмжирдулам нь цахим сүлжээнд лайв бичлэг хийхдээ Хөвсгөл аймгийн нэр бүхий сумын иргэдийг ор үндэслэлгүйгээр гүтгэн, элдэв төрлийн хүйтэн мэс ашиглан иргэдийг сүрдүүлж, иргэдийн нэр төрд халдах болсон байна. Тиймээс ч нутгийн иргэд хуулийн байгууллагад хандаж, энэ дагуу Хөвсгөл аймгийн цагдаагийн газраас иргэн Б.Юмжирдуламыг шалгаж эхэлжээ. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.