Хотын дарга Х.Нямбаатарын гаргасан “Импортын автомашинд улаанбаатарын дугаар олгохгүй” байх шийдвэр хэрэгжиж эхлээд 7 хонож байна.
Энэхүү шийдвэр хэрэгжиж эхэлснээс хойш автомашины улсын дугаар үнэд хүрч, олдохгүй болсноос гадна “Да хүрээ” зах дээрх автомашины борлуулалт 70 хувиар буурчээ. Тэгвэл хотын даргын энэхүү шийдвэр нь Монгол Улсын үндсэн хуульд заасан иргэд хөдлөх эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг хязгаарлаж байгаа юм. Мөн цаашид импортын автомашинд улсын дугаар олгохдоо олон төрлийн шалгуур шаардлага тавьж буй нь иргэдийг хөрөнгө, байдал чинээгээр нь ялгаварлан гадуурхаж байгаа явдал гэж иргэд үзэж байна.
ВИДЕО:
Дээрх шийдвэрийг “Түгжрэлийг багасгаж, гэр хорооллыг орон сууцжуулах” тухай хуулийн хүрээнд дагаж мөрдөх журмын нэгээхэн хэсэг болгож баталж байсан юм. Тодруулбал, хотын дарга Х.Нямбаатарын тэргүүлсэн НИТХ-ын төлөөлөгчид 2024.02.08-ны өдөр хуралдаж дээрх шийдвэрийг баталсан. Тухайн өдөр энэхүү шийдвэрийг батлах эсэх санал хураалтад НИТХ дахь АН болон ХҮН намын төлөөлөгчид оролцохгүй гэдгээ мэдэгдсэн ч МАН-ын бүлгийн гишүүд олонхоороо тус журмыг баталсан байдаг. Ингэснээр “Улаанбаатар хотод олгох тээврийн хэрэгслийн улсын дугаарын дээд хязгаарыг 730 мянга байхаар тогтоож, нийтийн тээврээр зорчих төлбөр 200-500 төгрөг байсныг 1000 төгрөг болгон өсгөх, нийслэлд орон нутгийн дугаартай автомашин 48 цагаас дээш хугацаанд зорчихдоо хоногт 5000 төгрөг төлөх”-өөр болсон юм.
Иргэдийг төлөөлөх ёстой ч эрх баригчдын төлөөлөл болсон НИТХ гишүүд “УБ серитэй дугаар олгохгүй байх” шийдвэрийг 2024.02.08-ны өдөр олонхоороо хүч түрэн баталжээ.
Уг нь Монгол Улсын иргэн үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу төлөөллийн байгууллагаар дамжуулан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Гэтэл иргэдийн төлөөлөгчдийн хуралд эрх баригч намын гишүүд олонх болсны үрээр иргэд өнөөдөр хохирч байна. Өөрөөр хэлбэл, 2024.10.11-ний өдрийн орон нутгийн сонгуулиар нийслэлд МАН намаас 40 хүн, АН намаас 5 хүн сонгогдсон. Иргэдийг төлөөлөх ёстой 45 хүний 40 нь эрх баригч намын төлөөлөл болж, хотын даргын хэлсэн бүхнийг дэмжихэд бэлэн байна гэсэн үг.
“Импортын машинд УБ серитэй дугаар олгохгүй байх шийдвэр” өнөөдөр дан ганц автомашины ченжүүдийн эрхийг зөрчиж байгаа хэрэг бус. Цаашид эрх баригчид энэ жишгээр хууль зөрчсөн шийдвэрийг хүч түрэн батлах вий гэсэн айдас иргэдийн дунд байна.