Оксфордын Их сургуулийн хэвлэлд нийтлэгдсэн шинэ судалгаагаар, "тамхинаас татгалзаж, зөвхөн цахилгаан тамхи хэрэглэх болсон хүмүүсийн амьсгалын замын эрүүл мэнд сайжирдаг" болохыг тогтоожээ. Харин янжуур болон цахилгаан тамхи хослуулан хэрэглэх үед ямар нэг өөрчлөлт бүртгэгдээгүй байна.
Утаат янжуур тамхинаас хор хөнөөл багатай гэдэг үндэслэлээр янжуураас гарахын тулд цахилгаан тамхи хэрэглэх нь улам нэмэгдсээр байна. Хэдийгээр вэйп нь янжуур тамхины хор уршгийг бууруулсан шинэ технологи мөн ч амьсгалын замын өвчлөлд ямар нөлөө үзүүлж байгаа нь тодорхой бус байсан юм. Харин тус судалгаанд Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгээс гаргасан АНУ-ын тамхины хэрэглээний үндэсний уртын хэмжүүр болох Тамхи ба эрүүл мэндийн Хүн амын үнэлгээний (PATH) судалгааны өгөгдлийг ашигласан байна.
Судлаачид оролцогчдыг дараах дөрвөн бүлэгт хуваасан байна:
- тамхинаас бүрэн татгалзсан бүлэг,
- цахилгаан тамхи хэрэглэх болсон бүлэг,
- зөвхөн тамхи татсан хэвээр бүлэг,
- тамхи татангаа цахилгаан тамхи хэрэглэж эхэлсэн бүлэг.
Тамхинаас бүрэн татгалзаж, зөвхөн цахилгаан тамхи хэрэглэх болсон хүмүүст амьсгалын замын өвчлөлийн шинж тэмдэг (жишээ нь, амьсгаадах) багасч байсан байна. Харин цахилгаан тамхи хэрэглэхийн зэрэгцээ тамхиа үргэлжлүүлсэн эсвэл нэмэгдүүлсэн хүмүүст амьсгалын замын шинж тэмдэг багасаагүй болох нь ажиглагджээ. 5,210 оролцогчдоос ханиалгатай байсан хүмүүсийн 65% буюу 3,386 хүний ханиалга арилсан байна. Мөн 5,367 оролцогчдоос амьсгалын замын асуудалтай байсан хүмүүсийн 53% буюу 2,844 хүний амьсгаадах шинж тэмдэг буурч эерэг үзүүлэлттэй болжээ.
Зөвхөн цахилгаан тамхи хэрэглэгчдийн дунд амьсгал нь шуухитнах шинж тэмдэг буурсан бол янжуур тамхи татахын зэрэгцээ цахилгаан тамхи хэрэглэж эхэлсэн хүмүүсийн амьсгалын замын эрүүл мэндийн байдалд ямар ч сайжрал ажиглагдаагүй бөгөөд тамхины хэрэглээгээ багасгасан оролцогчдын дунд ч төдийлөн өөрчлөлтгүй байжээ. “Утаат янжуур болон никотины хамаарлаас бүрэн татгалзаж чадсанаар ханиалгах, шуухитнах, бөгшүүлэх зэрэг шинж тэмдгүүдийг бүрмөсөн арилгах нь гарцаагүй” гэж судалгааны дүгнэлтдээ дурджээ.
Эх сурвалж: Oxford University Press, Nicotine & Tobacco Research