"Дашваанжил"-ын жолооч Ч.Ренцэндорж, захирал Н.Баатаржав нарыг "Дүнжингарав"-ын галын хэрэгт тав хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татжээ

"Дашваанжил"-ын жолооч Ч.Ренцэндорж, захирал Н.Баатаржав нарыг "Дүнжингарав"-ын галын хэрэгт тав хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татжээ

“Дүнжингарав” худалдааны төвийн урд талын замд гарсан галын хэрэгт хоёр хүнийг яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар Улсын ерөнхий прокурорын газраас мэдээлсэн билээ. 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” худалдааны төвийн урд талын замд 2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө гарсан галын хэрэгт хоёр хүнийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 2 /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/, 11.3 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах/, 11.5 дугаар зүйлийн 1 /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах/-т зааснаар буюу тав хүртэл жилийн хорих ялтай зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа  талаар мэдээлсэн байдаг. 

Тэгвэл тухайн галын хэрэгт осол гарахад газ тээвэрлэж явсан "Дашваанжил" ХХК-ийн жолооч Ч.Ренцэндорж, мөн тус компанийн гүйцэтгэх захирал Н.Баатаржав нарыг яллагдагчаар татан, мөрдөн шалгаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. 

Учир нь осол гарах үед жолооч Ч.Ренцэндорж нь том оврын тээврийн хэрэгслээр газ тээвэрлэн явж байсан бол аюулгүй ажиллагаа мөрдөөгүй, хариуцлагагүй ажилласан зэрэг үндэслэлээр "Дашваанжил" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баатаржав нарыг яллагдагчаар татсан бололтой. 

Тухайн өдөр гарсан ослын улмаас гал гарч, Онцгой байдлын газрын гурван албан хаагч, явган болон автомашинаар зорчиж явсан 4 иргэн нас барж, таван хүн хүнд, нэг хүн хүндэвтэр, 35 хүнд хөнгөн зэргийн гэмтэл авсан байдаг. Мөн 36 тээврийн хэрэгсэл, гурван барилга байгууламж шатаж, 228 иргэн, 15 аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгөд 5.4 тэрбум орчим төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байдаг. 

ҮНЖИНГАРАВ-ЫН ГАЛЫН ХОХИРЛЫГ "ДАШВААНЖИЛ"-ЫНХАН ТӨЛӨХ ЁСТОЙ ГЭДГИЙГ ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР МЭДЭГДЭЖ БАЙВ-

Осол гарсны дараа "Дашваанжил" ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баатаржав "Хуулийн дагуу хэн нэгэнд буруу гэх шийдвэр гарсан тохиолдолд бид хариуцлага хүлээхэд бэлэн. Би хэнийг ч буруутгаагүй" хэмээн мэдэгдэж байсан юм.

Харин Хотын дарга Х.Нямбаатар "Дүнжингаравын замыг "Дашваанжил" ХХК дэлбэлсэн. Тэд хохирлыг барагдуулах ёстой. "Дашваанжил" ХХК-ийн нөхөрт хандаж хэлэхэд чи хэвлэлд хандаад хариуцлагаас мултарна гэж байхгүй шүү. Энэ компанийг лацдаж ломбодож байгаад хөрөнгө мөнгийг нь гаргуулаад асуудлаа шийдэх ёстой. Энэ ганцхан хотын асуудал биш" хэмээж байв. 

Ямартай ч олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирсон галын хэрэгт "Дашваанжил" ХХК-ийн захирал, жолооч нарыг буруутган шалгаж байгаа аж. 




Өнөөдөр хонь өдөр

4 цагийн өмнө