“Moнголиан Эйрвэйс” компанийн Ч.Хоролсүрэнгийн эхнэр Б.Одгэрэлийг бусдын биед халдсан хэмээн яллагдагчаар татан мөрдөн шалгаж эхэлжээ

“Moнголиан Эйрвэйс” компанийн Ч.Хоролсүрэнгийн эхнэр Б.Одгэрэлийг бусдын биед халдсан хэмээн яллагдагчаар татан мөрдөн шалгаж эхэлжээ

Одоогоос хоёр жил гаруйн өмнө буюу 2022 оны есдүгээр сард "Монголиан Эйрвэйс” компанийн захирал Ч.Хоролсүрэнгийн эхнэр Б.Одгэрэл нь Турк улсад аялж байхдаа бусдын биед халдсан гэх мэдээлэл тухайн үед цацагдаж, энэ нь олны анхаарлыг татаж байсан билээ. 

Тодруулбал, МИАТ-ийн захирал асан Ч.Хоролсүрэн болон түүний эхнэр Б.Одгэрэл нар 2022 оны есдүгээр сарын 11-нд Турк улс руу өөрсдийн байгуулсан “Moнголиан Эйрвэйс” компанийн ажилтнуудаа сургалтаар авч явсан аж. Гэтэл Б.Одгэрэл нь есдүгээр сарын 15-ны оройн 20:00 цаг орчимд “Moнголиан Эйрвэйс” компанид ажиллаж байсан С гэх бүхээгийн ажилтан эмэгтэйг өрөөнд нь зодож, хүнд гэмтэл учруулсан хэмээж байв. Энэхүү мэдээлэл нь нэг хэсэг олны анхаарлыг төвд байсан ч асуудал тэгсхийгээд намжсан байдаг. Харин өнгөрсөн долоо хоногт дээрх хэрэгт холбогдсон Б.Одгэрэлийг цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжилж эхэлсэн талаарх мэдээлэл ил болсон юм. 

Тэгвэл бусдын биед халдаж, хүнд гэмтэл учруулсан гэх хэрэгт холбогдож, улмаар оргон зайлсан байж болзошгүй байгаа Б.Одгэрэлийг яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Тодруулбал, түүнийг Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн" хэмээн яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа гэдгийг эх сурвалж мэдээллээ. Мөн тус хэрэгт холбоотойгоор Б.Одгэрэлийг Цагдаагийн Ерөнхий газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс эрэн сурвалжилж байгаа юм байна. Харин албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Б.Одгэрэл нь Канадад орогнон амьдарч байж болзошгүй байгаа аж. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.