Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан нь архидан согтуурсан үедээ бусдын биед халдаж, гэмтэл учруулсан хэрэг энэ сарын 09-ны өдөр гарсан билээ.
Улмаар тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж эхэлсэн байдаг. Тэгвэл Д.Дэлгэрсайханд зодуулж хүнд гэмтэл авсан Сүхбаатар дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Б.Төгс-Эрдэнэ нь өдгөө ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэрбээр шүүх эмнэлэгт үзүүлсэн бөгөөд уг дүгнэлт хэрхэн гарахаас шалтгаалан Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайханыг ямар зүйл ангиар яллагдагчаар татах эсэх нь тодорхой болох юм.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар Д.Дэлгэрсайханд зодуулж гэмтэл авсан Б.Төгс-Эрдэнийн нүүрний яс хугарч, цөмөрсөн байдалтай эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна.
Ташрамд өгүүлэхэд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан нь дээрх хэрэгт холбоотойгоор ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаад байгаа юм. Харин түүнийг чөлөөлөх эсэхийг өнөөдөр /2024.11.13/ Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.