Прокурорын байгууллага 2024 оны 11 дүгээр сарын 04-нөөс 08-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 43621, мөрдөн байцаалтын 4326 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 72 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 24, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 21, Өмчлөх эрхийн эсрэг 18, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 2, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар ашиглах 2, Хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийн эсрэг, Хүний амьд явах эрхийн эсрэг, Эдийн засгийн эсрэг, Кибер аюулгүй байдлын эсрэг, Авлига албан тушаалын болон Цэргийн албаны эсрэг тус бүр нэг хэрэг байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
- Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компанийн ажилтан П.Т нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор үйл ажиллагаа явуулдаггүй компаниас эд хөрөнгө, бараа үйлчилгээ худалдан авсан мэтээр хуурамч баримт цахим мэдээллийн санд шивж, их хэмжээний татвар ногдох орлого буюу 1 тэрбум 27 сая төгрөгийн орлогыг зориуд худал мэдүүлэн 102 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийсэн/ -д яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компанийн ажилтан С.Т нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор үйл ажиллагаа явуулдаггүй компаниас эд хөрөнгө, бараа үйлчилгээ худалдан авсан мэтээр хуурамч баримт цахим мэдээллийн санд шивж, их хэмжээний татвар ногдох орлого 1 тэрбум 498 сая төгрөгийн орлогыг зориуд худал мэдүүлэн 157 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийсэн/ -д яллах дүгнэлт үйлдэж тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компанийн ажилтан П.Г нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор үйл ажиллагаа явуулдаггүй компаниас эд хөрөнгө, бараа үйлчилгээ худалдан авсан мэтээр хуурамч баримт цахим мэдээллийн санд шивж, их хэмжээний татвар ногдох орлого буюу 1 тэрбум 709 сая төгрөгийн орлогыг зориуд худал мэдүүлэн 170 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийсэн/ -д яллах дүгнэлт үйлдэж Сэлэнгэ аймгийн Мандал сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас 2024 оны 5 дугаар сард Замын-Үүд дэх авто зам шалган нэвтрүүлэх цогцолбороор Монгол улсын түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл болох мөнгөн цөгц, гаанс, бурхан зэрэг эд зүйлсийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн Б.Ж-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 18.5 /Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус сум дахь Сум дундын шүүхэд тус тус шилжүүллээ.