"Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн тоо өмнөх жилийн мөн үеэс 1-6 хувиар нэмэгдсэн" гэв

"Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн тоо өмнөх жилийн мөн үеэс 1-6 хувиар нэмэгдсэн" гэв

ХӨСҮТ-ийн Тандалтын албанаас өнөөдөр /2024.11.08/томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.

Тодруулбал, өнгөрсөн сарын сүүл үеэс эхлэн улирлын томуугийн дэгдэлт идэвхжлийн түвшинд хүрч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй нийт иргэдийн хамгийн өндөр хувийг амьсгалын замын өвчлөл буюу уушгины хатгалгаа эзэлж байгаа аж. Тодруулбал өнгөрсөн долоо хоногт 9 мянга гаруй иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний 21 хувь нь уушгины хатгалгааны шалтгаант иргэд байсан гэнэ. Үүнийг өнгөрсөн жилтэй харьцуулахад 1-6 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Нийт өвчлөлийн 80 орчим хувийг 15 хүртэлх насны хүүхдүүд эзэлж байгаа бөгөөд үүн дотроо дөрөв хүртэлх насны хүүхдийн өвчлөл 50 хувьтай байна. Энэ жилийн хувьд томуугийн эсрэг 300 мянга гаруй хүн тун дархлаажуулалтыг бага насны болон жирэмсэн, өндөр настанд хийхээр төлөвлөсөн. Дархлаажуулалт 70 гаруй хувьтай үргэлжилж байна. Томуугийн өвчлөл нэмэгдэж байгаа энэ үед эцэг, эх асран хамгаалагчид хүүхдэд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тохиолдолд /халуурах, ханиалгах, бөөлжих, суулгах/ дур мэдэн эмчлэхгүй байж, анхан шатны өрхийн эрүүл мэндийн төвд хандахыг мэргэжлийн эмч сануулав. Мөн гэртээ агаар сэлгэлт тогтмол хийж, чийгтэй цэвэрлэгээ хийж байхыг анхаарууллаа. Шаардлагагүй тохиолдолд бага насны хүүхдийг олон нийтийн газраар дагуулж явахгүй байхыг зөвлөлөө.