ЭМЯ: Улаанбаатар хотод найман иргэнийг гэрт нь тусгаарласан

ЭМЯ: Улаанбаатар хотод найман иргэнийг гэрт нь тусгаарласан

Өнөөдөр/2020.02.27/ Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын дэлхийн болон Монголын нөхцөл байдлын талаар ээлжит хурлаа хийлээ.

Хоёрдугаар сарын 25-ны өдрөөс хойш Монгол Улсын хэмжээнд ХӨСҮТ, “Асралт мед” эмнэлэг, болон орон нутгийн эмнэлгүүдэд нийт 52 хүн тусгаарлагдсан бөгөөд тэдгээрийн шинжилгээний хариу бүгд сөрөг буюу коронавирусийн халдваргүй  гарчээ. Мөн Улаанбаатар хотод гэрт нь найман иргэнийг тусгаарлан ажиглалтад оруулсан байна.

Өчигдрийн Улсын онцгой комиссын хурлаар манай улсад нэн шаардлагатай байгаа эмнэлгийн хэрэгсэл, ариутгах бодис, тоног төхөөрөмжийн санхүүжилтийг шийдэж шуурхай оруулах шийдвэр гаргажээ. Мөн орон нутагт бүртгэгдэж буй сэжигтэй тохиолдлуудыг тусгаарлах байр бэлдэхийг аймаг бүрийн Засаг даргад үүрэг болгосон байна.

Түүнчлэн дэлхийн улс орнуудад гарсан тохиолдлын талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтэн О.Ариунтуяа мэдээллээ. Тэрээр"2020 оны хоёрдугаар сарын 27-ны 09:00 цагийн байдлаар БНХАУ-д 444 тохиолдол шинээр бүртгэгдсэн. Хятадаас гадна дэлхийн бусад улсад бүртгэгдсэн шинэ тохиолдлын тоо нь тус улсынхаас анх удаа давлаа. Хятадад өчигдөр 29 нас баралт бүртгэгдсэн нь нэгдүгээр 20-ноос хойших хамгийн бага үзүүлэлт болсон. Грек, Румын, Бразил зэрэг улсад COVID-19 халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээр дэлхийн 42 улсад халдвар бүртгэгдээд байна. 

БНСУ-д нэгдүгээр сарын 20-нд анхны тохиолдол бүртгэгдсэн бол өнөөдрийн байдлаар 1,595 болж өслөө. Өчигдөр тус улсад бүртгэгдсэн тохиолдлуудын 307 нь Тэгү хотод байна” гэлээ.

Мэргэжилтнүүдийн зүгээс иргэдэд Монгол улсад коронавирусийн халдвар гараагүй ч сонор сэрэмжээ алдахгүй байхыг  сануулан, Эрүүл мэндийн ажилтнууд, Засгийн газраас өгч буй зөвлөмжийг дагахыг уриаллаа.




Өнөөдөр морь өдөр

22 цагийн өмнө