Балбын 18 настай уулчин Нима Ринжи дэлхийн хамгийн өндөр буюу 8000 метрээс дээш 14 уулын оргилд бүгдэд нь гарсан дэлхийн хамгийн залуу уулчин болж түүхэнд бичигдэхээр болжээ. Тодруулбал, Нима Ринжи шерпа лхагва гараг /2024.10.09/-ийн өглөө Балбын 8027 метрийн өндөрт орших Шишабангма ууланд гарснаар 8000 метрээс дээш өндөртэй бүх оргилыг эзэлсэн уулчин болсон талаар “The Himalayan Times” мэдээлжээ.
Нима Ринжи 8000 метрээс дээш 14 оргилд 720 хоногийн хугацаанд авирсан байна. Түүний энэхүү авиралт нь 2022 оны есдүгээр сард 8163 мертийн өндөртэй Манаслу ууланд анх авирснаар эхэлсэн байна. Харин сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд тэрбээр дэлхийн ноён оргил Эверест, дэлхийн хоёр дахь өндөр уул болох К2 зэрэг оргилуудад авиралт хийжээ.
Эх сурвалж: BBC