"Эмэгтэй хүн зодсон" хэрэгт холбогдсон Ч.Ганхуяг нарыг ирэх Лхагва гарагт шүүнэ

"Эмэгтэй хүн зодсон" хэрэгт холбогдсон Ч.Ганхуяг нарыг ирэх Лхагва гарагт шүүнэ

“Хас”-ын гэж ч тодорхойлдог, өдгөө "Ард санхүүгийн нэгдэл”-ийн захирал Ч.Ганхуяг нар нь 2022 оны арванхоёрдугаар сард нэгэн эмэгтэйн биед халдаж, гэмтэл учруулсан хэрэгт яллагдагчаар татагдсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл Ч.Ганхуяг, Ч.Золбоо нарт холбогдох хэргийг шүүх хурал ирэх лхагва гарагт буюу аравдугаар сарын 09-ны  /2024.10.09/ өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.  Прокуророос Ч.Ганхуяг, Ч.Золбоо нарт Эрүүгийн хуулийн 11.4-1 дэх хэсэг, 11.6-1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг юм. 

Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйл /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах/-ийн 1-д Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

Мөн хуулийн 11.6 дугаар зүйл /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/-ийн 1-д Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ" гэж заажээ.