"В.Путиныг айлчлалын үеэр баривчлахыг Украины тал Монголд уриаллаа" гэж BBC агентлаг мэдээлжээ

"В.Путиныг айлчлалын үеэр баривчлахыг Украины тал Монголд уриаллаа" гэж BBC агентлаг мэдээлжээ

Олон улсын эрүүгийн шүүх /ОУЭШ/-ийн хэвлэлийн төлөөлөгч Фади эль-Абдалла өчигдөр /2024.08.30/ ВВС агентлагад өгсөн ярилцлагадаа Монгол Улс ОУЭШ-ийн гишүүн орны хувьд ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг удахгүй хийх айлчлалын үеэр баривчлах тушаалыг биелүүлэх үүрэгтэй гэж мэдэгджээ. Эх сурвалжийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Гэсэн хэдий ч ОУЭШ-ийн гишүүн орнуудтайгаа байгуулсан гэрээ нь улс орнууд өөр улстай байгуулсан гэрээний үүргээ зөрчихөд хүргэх эсвэл гуравдагч улсын албан тушаалтан, өмч хөрөнгийн дипломат халдашгүй байдлыг зөрчсөн тохиолдолд баривчлахаас чөлөөлөхийг зөвшөөрдөг байна.

Сонирхуулахад,  2023 оны гуравдугаар сард Олон улсын эрүүгийн шүүх В.Путиныг Украины Орост эзлэгдсэн нутаг дэвсгэрээс хүүхдүүдийг албадан шилжүүлсэн хэргээр баривчлах шийдвэр гаргасан юм. Улмаар ОХУ-ын Хүүхдийн эрхийн асуудал эрхэлсэн комиссар Мария Львова-Беловаг мөн адил тус гэмт хэргээр баривчлах тушаал гаргасан юм. 

Харин В.Путины есдүгээр сарын 3 /2024.09.03/-нд Монгол Улсад хийх айлчлал нь ОУЭШ-ийн гишүүн орны нутаг дэвсгэрт нэвтэрч буй түүний анхны тохиолдол гэжээ. 

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд хийсэн мэдэгдлийнхээ үеэр "Бид Монголын түншүүдтэйгээ маш сайн харилцаатай байгаа. Мэдээжийн хэрэг ерөнхийлөгчийн айлчлалын бүх асуудлыг сайтар бэлтгэсэн" гэжээ.  Тэгвэл Украины Гадаад хэргийн яам Монгол Улсын Засгийн газарт хандан В.Путиныг удахгүй болох айлчлалын үеэр Ромын дүрэм болоод ОУЭШ-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж баривчлахыг уриалсан байна.

Эх сурвалж: BBC