Улс төрийн нам дагаж албан тушаал хашиж явсан зарим эрхмүүд бараг “шагнал”-аа аваад аль нэг гадаад улсад очиж улсын мөнгөөр хэсэг хугацаанд нам жим амьдардаг гэхэд болно.
-НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН ДАРГА АСАН Ц.САНДУЙ, МАН-ЫН ГАЗРЫН ДАРГА АСАН Б.ХАЖИДМАА НАР “УЛААНБААТАР ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧ” ГЭХ НЭРИЙДЛЭЭР ЯПОН, СОЛОНГОСТ АМЬДАРЧ БАЙНА-
Тухайлбал, 60 тэрбум төгрөг босгож, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт шалгагдаж, улмаар хоригдож явсан Нийслэлийн МАН-ын хорооны дарга асан, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй өдгөө "Япон дахь Улаанбаатар хотын төлөөлөгч" гэх албан тушаалыг хашиж, улсаас цалинжаад арлын оронд нам жим амьдрах болсон гэхэд болно.
Тодруулбал, Ц.Сандуй болон түүний зөвлөх А.Ганбаатар нарт холбогдох "60 тэрбумын хэрэг"-ийг 2023 оны гуравдугаар сар /2023.03/-д бүхэлд нь сэргээн, дахин шалгаж эхэлсэн байгаа юм. Гэтэл Ц.Сандуйг Япон дахь Улаанбаатар хотын төлөөлөгчөөр Д.Сумъяабазар 2023 онд томилсон байдаг. Хамгийн ноцтой нь "60 тэрбумын хэрэг"-т шалгагдаж байсан Ц.Сандуйд тавьсан хилийн хориг цуцлагдаж, тэрбээр Япон, Монголын хооронд чөлөөтэй зорчих болсон бол түүнтэй хамт шалгагдаж буй А.Ганбаатарт тавьсан хилийн хориг тухайн үед цуцлагдаагүй байсан байдаг. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ үзнэ үү.
Мөн МАН-ын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга асан Б.Хажидмааг БНСУ-ын нийслэл Сөүл дэх Улаанбаатар хотын төлөөлөгчөөр 2023 онд томилсон байдаг. Б.Хажидмаа нь “Өдрийн сонин”-д сэтгүүлчээр ажиллаж байснаас гадна МАН-ын төв хэвлэл болох “Монголын Үнэн” сонины орлогч эрхлэгчээр ажиллаж байсан нэгэн байдаг.
-УЛААНБААТАР ХОТЫН ТӨЛӨӨЛӨГЧ ГЭХ АЛБАН ТУШААЛТНУУДАД УЛСААС ӨНДӨР ЗАРДАЛ ГАРГАЖ БАЙНА-
Улмаар Польш улсын нийслэл Варшав хот дахь Улаанбаатар хотын төлөөлөгчөөр Э.Цэлмүүн, Москва хот дахь Улаанбаатар хотын төлөөлөгчөөр М.Мөнхцэцэг, мөн Хотын даргын орлогч асан Д.Баянмөнх аль нэг улсад "Улаанбаатар хотын төлөөлөгч" гэх албан тушаалыг хашиж, татвар төлөгчдийн мөнгөнөөс цалин авч, гадаад оронд “нам жим” амьдардаг байж магадгүй байна.
Учир нь Улаанбаатар хотын төлөөлөгч гэх албан тушаалыг хашиж гадаад оронд амьдарч буй Ц.Сандуй, Б.Хажидмаа, Э.Цэлмүүн, М.Мөнхцэцэг, Д.Баянмөнх нарын сарын цалин болоод бусад зардалд тавдугаар сар /2024.05/-д гэхэд хүн тус бүрт 9 саяаас 17 сая төгрөгийг улсаас олгосон байгаа юм.
Тодруулбал, “Төлөөлөгчийн тавдугаар сарын цалин бусад зардал" гэх утгатайгаар Ц.Сандуйд 17.2 сая төгрөг, Б.Хажидмаад 13.1 сая төгрөг, Э.Цэлмүүнд 17.2 сая төгрөг, М.Мөнхцэцэгт 15.5 сая төгрөг, Д.Батмөнхөд 9.1 сая төгрөгийг Нийслэлийн төсвөөс шилжүүлсэн байна. Энэ нь Улаанбаатар хотын төлөөлөгч гэх албан тушаалтай МАН-ын гишүүн эрхмүүд нэг сард тус бүр 10 гаруй сая төгрөгийн цалин авдаг байж болзошгүйг илтгэж байгаа юм. Харин дээрх төлөөлөгч нарын албаны чиг үүрэг нь тодорхойгүй, хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл ч байхгүй байна. Бид дээрх төлөөлөгч нартай холбоотой мэдээллийг олж тодруулахаар холбогдох албаны хүмүүстэй холбогдсон энэ талаарх мэдээллийг өгөх албан тушаалтан өчигдөр /2024.08.28/ олдоогүй юм.