Монголын мэдээллийн технологийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан сорилт, цаашдын хөгжлийн чиглэлийг хэлэлцлээ

Монголын мэдээллийн технологийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан сорилт, цаашдын хөгжлийн чиглэлийг хэлэлцлээ

Монголын мэдээллийн технологийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, боломж, сорилт болон цаашдын хөгжлийн чиглэлийг хэлэлцэх “IT WORLD ’26 International Forum & Expo” олон улсын форум, экспо өнөөдөр /2026.10.28/ боллоо.

Тус арга хэмжээний үеэр мэдээллийн технологийн салбарын эрх зүйн орчин, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, цахим үйлчилгээний туршлага, хиймэл оюун ухаан болон өгөгдлийн зохион байгуулалтын талаар илтгэл, панел хэлэлцүүлэг өрнүүлж, технологийн шинэ бүтээгдэхүүн, шийдлүүдийг танилцуулсан юм.

- ИЛТГЭЛ: МОНГОЛЫН IT САЛБАРЫН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ХӨГЖЛИЙН БОЛОМЖ - 

Могул группийн ТУЗ-ийн дарга, Мэдээллийн технологийн нэгдсэн холбоо (MITA)-ны ерөнхийлөгч Н.Баттулга “Монгол Улсын мэдээллийн технологийн салбарын өнөөдөр ба маргааш” сэдвээр илтгэл тавилаа. Тэрбээр MITA холбоо байгуулагдаад хоёр жил болж буйг дурдаж, Монголын мэдээллийн технологийн салбарыг шинэчлэх, ирэх 10 жилийн хөгжлийн чиглэлийг тодорхойлох, салбарын үнэлэмж, дүр төрхийг бий болгох зорилготойг танилцуулсан юм. Мөн Монголын IT компаниуд зөвхөн дотоодын зах зээлд төвлөрөх бус, олон улсын зах зээлд гарах шаардлагатайг онцоллоо.

Н.Баттулга “Монголын мэдээллийн технологийн салбарт олон авьяаслаг, чадварлаг инженер залуус гадаадын компаниудад ажиллаж байна. Тиймээс бид Монголын технологийн компаниудыг дэлхийн зах зээлд гаргаж, эдгээр залуусаа эх орондоо ажиллаж, дэлхийд өрсөлдөх боломжийг бүрдүүлэх зорилготой ажиллаж байна” хэмээв. Түүнчлэн дэлхийн мэдээллийн технологийн зах зээлийн зардал таван их наяд ам.доллар, Монголын зах зээлийн багтаамж 230 сая ам.доллар орчим байдаг талаар дурдсан юм.

Түүнчлэн Alibaba Cloud–Qwen Cloud компанийн Еврази, Ойрх Дорнод, Турк, Африкийн (META) бүс хариуцсан бүсийн захирал, гол харилцагч хариуцсан удирдлага Сүкисс Чен “Ажентик хиймэл оюуны дараагийн үеийг бүтээх технологийн иж бүрэн шийдэл” сэдвээр илтгэл тавилаа. Илтгэлээр хиймэл оюуны хөгжлийг зөвхөн тооцоолох хүчин чадлаар бус, бие даан даалгавар гүйцэтгэх чадвартай AI агент болон үүлэн технологид суурилсан шийдлээр өргөжүүлэх хандлагыг танилцуулав. Мөн хиймэл оюунтай холбоотой бүтээгдэхүүний орлого, бизнесийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөөллийг харуулсан үзүүлэлтүүдийг дурдлаа. 

Мөн “Аствишн” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Энхмөнх “Мэдээллийн технологийн салбарын эрх зүйн орчин: Сорилт, боломж ба ирээдүйн чиг хандлага” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр Монгол Улсын цахим засаглалын индексийн үзүүлэлт 20 жилийн өмнө 93 дугаар байрт байснаас хойш 47 байраар урагшилсныг дурдаж, мэдээллийн технологийн салбар тусгай хуультай болсныг онцолсон юм.

Үргэлжлүүлэн төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны талаар “Анд Технологи Партнерс” болон “Эконетворк” ХХК-ийн гүйцэтгэх захирал, MITA-ийн дэд ерөнхийлөгч С.Чулуунбат илтгэл танилцууллаа. Тэрбээр төрийн байгууллагууд өөрсдөө аппликейшн, веб хуудас бүтээж, түүгээрээ ашиг орлого олохыг зорих нь буруу хандлага гэв. С.Чулуунбат “Төрийн яам болон дарга нар аппликейшн, веб хуудастай болж, түүгээрээ ашиг орлого олмоор байна гэдэг хандлагаар хандаж байгаа нь маш буруу. Энэ нь нэг талаасаа хувийн хэвшлийн олох орлогын боломжийг төр монополоор булааж байна. Нөгөө талаас иргэдийн нэгдсэн мэдээллийн сангаас авах боломжтой үйлчилгээнд төр дунд нь нэг давхарга нэмээд дарамт үүсгэж байгаа юм” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Мөн форумын үеэр хиймэл оюун ухааны ёс зүй, засаглал, кибер аюулгүй байдал, мэдээллийн технологийн салбарын хөрөнгө оруулалт, өгөгдлийн бэлэн байдлын талаар илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлэв. Түүнчлэн байгууллагууд хиймэл оюун ухаан нэвтрүүлэхээс өмнө өгөгдлөө цэгцлэх, мэдээллийн бэлэн байдлаа хангах шаардлагыг хөндөж, бизнесийн үйл ажиллагаанд технологи нэвтрүүлэх боломжийг хэлэлцлээ.

- ПАНЕЛ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ: ТӨРИЙН БОДЛОГО, ХЭРЭГЖИЛТ БА ХУВИЙН ХЭВШЛИЙН ОРОЛЦОО - 

Форумын хүрээнд “Төрийн бодлогын хэрэгжилтийг хэрхэн сайжруулах вэ?” сэдэвт панел хэлэлцүүлэг өрнүүлэв. Хэлэлцүүлгийн үеэр С.Энхжаргал төрийн бодлого хангалттай сайн боловсруулагддаг ч хэрэгжилт дээрээ алдаа гардаг талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр цахим шилжилт нь төрийн тэргүүлэх таван чиглэлийн нэг болсон хэдий ч салбар хариуцсан яамны ажил хангалтгүй байгааг шүүмжилж, төр хувийн хэвшлийн хийх ажлыг булаах ёсгүйг онцолсон байна.

Мөн форумын хөтөлбөрт “Шилдэг туршлага, шилдэг технологийн хэрэглээ”, “Шинэ технологи: Хиймэл оюун ба өгөгдөл” сэдэвт панел хэлэлцүүлгүүд багтсан юм. Эдгээр хэлэлцүүлэг нь технологийн бодит хэрэглээ, байгууллагын өгөгдлийн бэлэн байдал, хиймэл оюуны хэрэглээ болон салбарын хөгжлийн асуудлыг хамарчээ.

- ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУРШЛАГА, ТЕХНОЛОГИЙН ШИЙДЛҮҮД - 

“Smart Car” компанийн ТУЗ-ийн дарга Т.Мөнх-Очир “Технологийн бодит хэрэглээнд: Хэрэгжүүлсэн шийдэл ба үр дүн” сэдвээр илтгэл тавьж, E-Mongolia платформын хөгжлийн туршлагыг танилцууллаа. Тэрбээр илтгэлээ “Хийсэн бүтээл нь ярьдаг гэдэг шиг манай төслийн багийн бүтээгдэхүүн та бүхэнд хангалттай ярьж байгаа гэж бодож байна” хэмээн эхлүүлж, төрийн үйлчилгээний цахим системийг хөгжүүлсэн түүхийг товчлон хүүрнэсэн юм. Үүнээс гадна “E-ID Mongolia ба X-Road: Итгэлцлийн шинэ эрин”, “Байгууллагын хиймэл оюуны бэлэн байдал” зэрэг сэдвээр илтгэлийг танилцууллаа. 

- ХИЙМЭЛ ОЮУН: AI НЭВТРҮҮЛЭХЭЭС ӨМНӨ ӨГӨГДЛӨӨ ЦЭГЦЛЭХ ШААРДЛАГАТАЙ - 

Хиймэл оюуны чиглэлээр Г.Золбоо “Хиймэл оюун ухаан бол хамгийн сүүлийн алхам” сэдвээр илтгэл танилцууллаа. Тэрбээр байгууллагууд хиймэл оюун нэвтрүүлэхээс өмнө өгөгдлийн зохион байгуулалтаа сайжруулах шаардлагатайг онцолсон юм. Мөн байгууллагуудын шийдвэр гаргалт гадаадын платформоос хамаарах асуудлыг хөндөж, харилцагч байгууллагуудаас мэдээлэл нь хаана хадгалагдаж байгааг тодруулахад энэ асуудал анзаарагддаг талаар ярьжээ. Өөрөөр хэлбэл, хиймэл оюуныг байгууллагын үйл ажиллагаанд үр дүнтэй ашиглахын тулд эхлээд мэдээллийн сан, өгөгдлийн зохион байгуулалт, тэдгээрийг ашиглах бэлэн байдлаа сайжруулах шаардлагатай гэсэн агуулгыг илэрхийлсэн юм.

- AI БОЛОН БУСАД ТЕХНОЛОГИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА - 

Форумын экспо хэсэгт технологийн компаниуд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, шийдлүүдээ танилцуулав. Тухайлбал, “Нови Софт” компанийн захирал Б.Пүрэвмаа компанийнхаа хиймэл оюунд суурилсан загваруудыг танилцуулж, одоогоор таван модель хөгжүүлж байгааг дурджээ.

Мөн TenderHub Enterprise AI платформыг танилцуулсан юм. Тус платформ нь тендер шалгаруулалт, худалдан авалт, гүйцэтгэл, санхүүжилтийн үйл явцыг нэгтгэсэн хиймэл оюунд суурилсан шийдэл бөгөөд эдгээр үйл явцыг цахимжуулах, мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, худалдан авалтыг илүү үр ашигтай болгох зорилготой гэлээ. Түүнчлэн Smart Software Group, Chipmo, Gerege Systems, Topica, Ablesoft, Interactive болон CallPro компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулгууд багтсан байна. Тухайлбал, Gerege Systems-ийн E-ID болон What a Waste шийдэл, Interactive компанийн жижиг, дунд бизнест зориулсан хиймэл оюун ба суурилуулсан санхүүгийн үйлчилгээ, үүлэн технологид суурилсан цахим гарын үсгийн шийдлийг танилцуулахаар төлөвлөжээ. Мөн хэрэглэгчийн үйлчилгээний AI шийдэл, бизнесийн өөрчлөлтөд зориулсан SaaS, мэдээллийн аюулгүй байдал болон мэдээллийн технологийн салбарын хөрөнгө оруулалтын ирээдүйн талаар илтгэлүүд багтсан юм.

- МЭРГЭЖЛИЙН НЭГДСЭН ХОЛБООГ ҮҮСГЭН БАЙГУУЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА  

IT WORLD ’26 олон улсын форумын төгсгөлд Монголын мэдээллийн технологийн салбарын таван холбоо нэгдэж, Мэдээллийн технологийн салбарын мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулах хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичигт дараах холбоодын ерөнхийлөгч нар гарын үсэг зурсан байна. Үүнд:

  • Н.Баттулга - Мэдээллийн технологийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч

  • Ч.Чимэддорж - Хэрэглэгчийн систем нийлүүлэгчдийн холбооны ерөнхийлөгч

  • У.Эрдэнэбямба - МТ-ийн тоног төхөөрөмж, шийдэл нийлүүлэгчдийн холбооны ерөнхийлөгч

  • Б.Анхбаяр -  Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч

  • М.Сайнбилэг - Мэдээллийн технологи хариуцсан захирлуудын клубийн ерөнхийлөгч

Энэхүү хамтын ажиллагаа нь салбарын байгууллагуудын уялдаа холбоог бэхжүүлэх, нэгдсэн бодлого, стратеги боловсруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, Монголын мэдээллийн технологийн салбарын хөгжлийг хамтдаа урагшлуулах зорилготой юм.