ШУУРХАЙ: Ж.Сүхбаатар нарт холбогдох "Ногоон автобус"-ны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

2024-07-04 13:49

LIVE: “Ногоон автобус" хэргийн урьдчилан хэлэлцүүлэгт Ж.Сүхбаатар, Д.Мөнх-Эрдэнэ нарын 24 хүн оролцож байна

“Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал асан А.Ганхуяг, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2024.07.04/ Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Энэхүү урьдчилсан хэлэлцүүлэгт Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар, Хотын даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар болон БНСУ-ын хоёр иргэн, "Тэнүүн огоо" ХХК-ийн зарим төлөөлөл гээд нийт 24 хүн оролцож байна. 

ШУУД: 

Эх сурвалж: NTV телевиз

2024-07-04 07:34

ШУУРХАЙ: Ж.Сүхбаатар нарт холбогдох "Ногоон автобус"-ны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно

“Ногоон автобус" худалдан авах ажиллагаатай холбоотой "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал асан А.Ганхуяг, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

Тус хэрэгтэй холбогдуулан өнгөрсөн тавдугаар сард “Худалдан авсан автобусны техникийн үзүүлэлт” сэдвийн хүрээнд 31 гэрч дуудан сонсгол байгуулж байсан юм. Гэвч урьдчилсан хэлэлцүүлэг хоёр удаа хойшилж өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд болох товтой байна.  

Нийслэлийн прокурорын газраас Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар, Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан Д.Мөнх-Эрдэнэ, Худалдан авах ажиллагааны газрын Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Б.Т, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын албан тушаалтнууд, Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн албан тушаалтнууд болон БНСУ-ын хоёр иргэн, нийт 24 хүнд холбогдох “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтнууд 2023 онд нийслэлийн өмчийн хөрөнгөөр 600 ширхэг автобус худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа хууль зөрчиж, бусдад давуу байдал бий болгосон” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 17.3 дугаар зүйлийн 2.2 /Залилах/, 22.12  дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлээд байсан юм.