Төрийн нууцыг үрэгдүүлсэн хэргээр торгох ял сонссон ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газрын багын дарга Д.Ган-Эрдэнэ давж заалджээ

Төрийн нууцыг үрэгдүүлсэн хэргээр торгох ял сонссон ЗГ-ын Хяналт хэрэгжүүлэх газрын багын дарга Д.Ган-Эрдэнэ давж заалджээ

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Менежментийн баг болон Дотоод хяналтын багийн даргын албан тушаалыг давхар хашиж буй Д.Ган-Эрдэнэ нь төрийн нууцыг үрэгдүүлсэн хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.

Улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, 650 мянган төгрөгөөр торгох ял оноосон. Тэгвэл төрийн нууцыг үрэгдүүлсэн гэх хэргээр торгох ял сонссон Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Менежментийн баг болон Дотоод хяналтын багийн даргын албан тушаалыг давхар хашиж буй Д.Ган-Эрдэнэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Түүний уг гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх ирэх долдугаар сарын 04-ний өдөр хэлэлцэхээр товложээ. 

Эрүүгийн тухай хуулийн 19.13 дугаар зүйл, "Төрийн нууцыг үрэгдүүлэх" 1-д "Төрийн маш нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйлийг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд тэдгээртэй харьцах талаар тогтоосон журам зөрчсөний улмаас үрэгдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.