Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт “WBC” холбооны хөнгөн жингийн дэлхийн аварга Гари Рассель нар тулааны өмнөх сүүлчийн хамтарсан хэвлэлийн хурлаа хийлээ. Тэдний тулаан АНУ-ын цагаар хоёрдугаар сарын 8-нд Пеннсилвани муж улсын Аллентаун хотын “PPL Center” төвд болно.
Монголын цагаар өнгөрсөн шөнө болсон хэвлэлийн хурлын үеэр түүний өрсөлдөгч Рассель “Хэрэв боломжтой байсан бол би Лео Санта Круз эсвэл Жэрвонта Дэвистэй нүүр тулах байсан. Гэхдээ энэ бол надад тулгарах л ёстой зүйл. Би аваргын нэрээ хамгаалахын тулд энд ирсэн. King Tug дэлхийн хамгийн шилдэг тулаанчидтай нүүр тулж байсан тамирчин. Миний өрсөлдөж байсан олон залуусаас техникийн хувьд илүү сайн гэж боддог. Намайг ширүүн тэмцэл хүлээж байна” гэсэн байна.
Зарим эх сурвалжууд Н.Төгсцогтыг Гарри Расселлийг бодвол туршлага дутмаг, залуухан тамирчин гэж харж байгаа юм. Харин Н.Төгсцогт хэлэхдээ "Би зөвхөн Бямба гарагийн орой Гари Расселээс илүү байх ёстой. Өнгөрсөн туршлага хамаагүй. Хэрэв тэр намайг энэ тулаанд хэтэрхий туршлагагүй гэж бодож байгаа бол Бямба гарагт гэнэтийн бэлэг барих болно” гэж мэдэгдсэн байна.
Н.Төгсцогт нь Клаудио Маррерротай тулалдаж ялалт байгуулсанаас хойш 13 сарын хугацаанд тулаан хийгээгүй боловч дасгалжуулагч Исмаэль Саластай хамт тасралтгүй бэлтгэл хийснээр бүрэн бэлтгэлтэй, өөртөө итгэлтэй болсон байна. Мөн тэрээр хэлэхдээ “Исмаэль Саластай хамт ажиллах нь надад их туршлага болсон бөгөөд өөрийн ур чадвараа шинэ түвшинд хүргэсэн гэж бодож байна. Миний бүх хүч чадал, хурд, ур чадвар энэ бямба гарагт надтай хамт байх болно” гэж мэдэгджээ.
Эх сурвалж: badlefthook.com