ТЦА: Жолооч нар явган зорчигч руу ус цацвал 100 мянган төгрөгөөр торгоно

ТЦА: Жолооч нар явган зорчигч руу ус цацвал 100 мянган төгрөгөөр торгоно

Борооны улмаас замын нөхцөл байдал ус ихтэй болсон үед жолооч нар явган зорчигч руу зориуд ус цацахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасан байдаг. Тиймээс жолооч бороотой үед замын зорчих хэсэгт тогтсон устай хэсгээр аль болох хурдаа хасаж, явган хүний замаар яваа явган зорчигч руу тогтоол усыг санаатайгаар цацаж тэднийг айлган цочоох, хувцас эд зүйлийг нь бохирдуулах зэргээр хохирол учруулахгүй явах шаардлагатайг албаныхан хэлж байна.

Зөрчлийн тухай хуулийн 14.7.51.-т заасанчлан жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахад эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 100 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай байна. Зөрчил гаргасан машины улсын дугаар болон загварын талаар 102 утсаар, камераар дүрсийг нь баримтжуулж, E-police аппликэйшнээр мэдээлэх боломжтой.