Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнх агсны гэрт Л.Гантөмөр очиж, гэр бүлийнхэнд нь эмгэнэл илэрхийлжээ

Сант сумын АН-ын дарга Б.Баянмөнх агсны гэрт Л.Гантөмөр очиж, гэр бүлийнхэнд нь эмгэнэл илэрхийлжээ

Өвөрхангай аймгийн Сант сумын 5 дугаар багт тус сумын АН-ын дарга Б.Баянмөнх нь МАН-ын сонгуулийн ухуулагчаар ажиллаж байсан П.Отгонбаатар гэгчид зодуулж амиа алдсан хэрэг уржигдар /2024.06.15/ гарсан.

Тус хэргийн сэжигтэн П.Отгонбаатар нь УИХ-ын 1 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Г.Сайханбаярын ухуулагчаар ажиллаж байсан гэх мэдээлэл байгаа. Иймд Г.Сайханбаярыг нэр дэвшигчээс татаж буйгаа МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өчигдөр /2024.06.16/ мэдэгдсэн. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АН-ын сонгуулийн төв штабд очиж, тус намын гишүүдэд эмгэнэл илэрхийлсэн. 

Харин өнөөдөр АН-ын дарга Л.Гантөмөр Өвөрхангай аймгийн Сант суманд хүрэлцэн очиж, Б.Баянмөнх агсны ар гэрт гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Тодруулбал, Б.Баянмөнх агсны гэрт Л.Гантөмөр очиж, гашуудаж буй гэрэл зураг олон нийтийн сүлжээнд гарчээ.

Мөн АН-ын дарга Л.Гантөмөр Сант суманд байх үеэрээ, "Сант суманд талийгчийн гэр бүлийнхэнтэй уулзаж эмгэнэл илэрхийллээ. Ар гэрийнх нь хүн энд болсон бүх зүйлийг гэрчлэн ярьж байна. Амьсгал хураахад нь гэрийнх нь хүн нь хажууд нь байсан гэнэ. Энэ бол цэвэр аллага. Өчигдөр МАН-ын дарга АН дээр ирж эмгэнэл илэрхийлсэн. Тэр үеэр энэ сонгууль хэр зэрэг бохир явж байгааг сануулж хэлсэн. Мөн нэгдүгээр тойрогт МАН-аас нэр дэвшиж буй есөн нэр дэшигч нэрээ татах ёстой гэдгийг сануулж хэлсэн" гэж мэдэгдсэн юм.