Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчид тавигдах шаардлага хангаагүй буюу авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгэгдсэн, ялтай хугацаа дуусаагүй, татварын өртэй нэр бүхий 154 хүнийг сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Мөн эдгээр хүмүүсээс 104 хүн нь дахин бүртгүүлэхээр СЕХ-нд бичиг баримтаа хүргүүлсэн юм. Тухайлбал, ялтай байдал нь дуусаагүй шалтгаанаар бүртгэхээс татгалзаад байсан Монголын хүний төлөө намын Х.Бат-Ялалт, татварын хугацаа хэтэрсэн өртэй гэх шалтгаантай АН-ын Ж.Баясгалан, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл нар татварын өр төлбөрөө төлж, дахин бүртгүүлэхээр Сонгуулийн ерөнхий хороонд хандсан байдаг.
Тэгвэл АН-аас жагсаалтын 7-д нэр дэвшиж буй Ж.Баясгаланг Сонгуулийн Ерөнхий хорооноос албан ёсоор бүртгэжээ.
Тэрбээр энэ талаар өөрийн цахим хуудаснаа "2024 оны УИХ сонгуульд АН-ын жагсаалтын 7-д орж хуулийн дагуу нэр дэвших болзлоо хангалаа. Татварын системд гарсан алдаа залруулагдсан болно" гэжээ.