УИХ-ын хаврын чуулганыг маргааш буюу энэ сарын 5-нд завсарлуулахаар болжээ. Үндсэн хууль болон Улсын их хурлын тухай хуульд зааснаар ээлжит чуулган хагас жил тутам ажлын 75-аас доошгүй өдөр хуралдах ёстой байдаг. Үүний дагуу наадмын өмнө хаврын чуулган завсарлах учиртай. Гэвч энэ жил сонгууль давхцсан учир эрт завсарлуулж байна.
Ингэснээр 2020-2024 оны парламентын отгон чуулган завсарлах нь. Өнөөдөр, маргааш байнгын хороо, нэгдсэн чуулганаар Хот тосгоны болон Зуунмод хотын эрх зүйн байдлын, Монгол Улсын засаг захиргаа, түүний нутаг дэвсгэрийн нэгжийн, Үндэсний их баяр наадмын тухай, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг 11 хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийх хуваарь гаргажээ. Харин хэлэлцэлгүй үлдсэн 50 гаруй хуулийн төслийг дараагийн парламентад шилжүүлж байгаа аж.