Беларусын Ерөнхийлөгч А.Г.Лукашенко манай улсад энэ сарын 01-04 өдрүүдэд айлчлал хийж буй. Харин А.Г.Лукашенког өчигдөр /2024.06.03/ Сүхбаатарын талбайд угтан авах үеэр "No war" хөдөлгөөний залуус эсэргүүцэж, цуглаан хийсэн байдаг.
Тэд энэ үеэрээ Украин улсын далбааг барьж төв талбайд голоор гүйсэн ба тэднийг цагдаагийн алба хаагчид албадан баривчилж, саатуулж буй бичлэг ч олон нийтийн сүлжээнд гарсан. Тодруулбал өчигдөр "No war" хөдөлгөөний Б.Цацрал, Т.Золбаяр, Э.Одбаяр, Ц.Жаргалсайхан нарын дөрвөн иргэнийг баривчилсан гэх мэдээлэл бий. Харин энэ талаар хууль сахиулах байгууллагаас албан ёсны мэдээллийг хийгээгүй байна.
Тэгвэл 2020 оны Беларусын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөөд ялалт байгуулсан ч АЛукашенкод луйвардуулсан гэдэг Свиатлана Цихануская "No war" хөдөлгөөний залуусын өчигдөр гаргасан үйлдлийн талаар өөрийн твиттер хуудастаа байр сууриа илэрхийлжээ. Тэрээр, "А.Лукашенкогийн монголд хийсэн ичгүүртэй айлчлалын үеэр эсэргүүцсэн идэвхтнүүдийн "дарангуйллын эсрэг зогссон эр зориг" бидэнд урам өгч байна. Беларусын дарангуйлагч бол олон улсын гэмт хэрэгтэн бөгөөд залуусын зоримог үйлдлүүд түүний дэглэмийн хүчирхийллийг дэлхий дахинд сануулж байна. Эр зориг гаргасанд баярлалаа" гэжээ.
To the activists who protested during Lukashenka's shameful visit to 🇲🇳: Your courage in standing up to oppression inspires us. The #Belarus dictator is an international criminal & your bold actions remind the world of his regime's abuses. Thank you for your bravery! @elbegdorj pic.twitter.com/GRrd6xwSBU
— Sviatlana Tsikhanouskaya (@Tsihanouskaya) June 3, 2024
Сонирхуулахад, Беларусын 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хадагтай Свиатлана Циханускаяг ялалт байгуулсан гэж АНУ тэргүүтэй барууны орнууд үздэг ба эдгээр орнууд А.Лукашенког Беларусын ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрдөггүй юм.