УИХ дахь МАН-ын бүлэг 2020-2024 оны бүрэн эрхийн хугацааныхаа хамгийн сүүлчийн хурлыг хийлээ. Учир нь, хаврын чуулганыг ирэх лхагва гаригт завсарлуулах юм.
Энэ үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Намын бүлгийн хуралдаанаар өнгөрсөн дөрвөн жилийг дүгнэж, ярилцлаа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд намын бүлэг нийт 126 удаа хуралдаж давхардсан тоогоор 327 асуудал хэлэлцсэн байна. УИХ өнгөрсөн хугацаанд 2000 орчим хууль, шийдвэр гаргасан байна. Үүнийг манай бүлэг хэлэлцэж, гол ачааллыг нуруун дээрээ авч шийдвэрлэсэн. Үндсэн хуулийн өөрчлөлт, Боловсролын багц хууль, Эрүүл мэндийн багц хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэж, батласан. Энэ парламентаас эхлээд бүх зүйл хурууны хээгээр явагдаг болсон. Бид энэ дөрвөн жилд хамгийн гол нь эв нэгдэлтэй байсан. Мөн хариуцлагатай байсан. Хариуцлагатай дөрвөн жил болж өнгөрч байна. Дутуу асуудлуудыг дараагийн парламент хэлэлцээд явдаг журамтай" гэлээ.