УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Ардчилсан намынханд хандан эвтэй байхыг уриалжээ.
Тэрбээр уриалгадаа "Зорилгодоо төвлөрье. Журмын олон нөхдөө, Ардчилагчид аа... УИХ-ын ээлжит сонгууль хаяанд ирсэн цаг мөчид та бүхэндээ хандаж, өөр хоорондын үл ойлголцол, зөрчил, тэмцлээ орхиж, ардчиллын ялалтын төлөө гэсэн үндсэн зорилгодоо нэгдэн төвлөрөхийг уриалж байна. Улс орон уруудах замдаа орж, ард түмэн ядуурлын туйлд хүрсэн цаг мөчид цэг тавих цорын ганц улс төрийн хүчин болохын хувьд Ардчилсан намын гишүүд бид хэзээ хэзээнээс илүү эв нэгдэлтэйгээр, дуу хоолойгоо нийлүүлж, мөр зэрэгцэн тэмцэх цаг иржээ. Ардчиллын үнэт зүйлс хүний эрх, эрх чөлөө хумигдан, эдийн засаг уруудан, нэг намын дарангуйлал, төрийн давамгайлал, төрийн нэртэй дарга нарын өмчлөлийг нэлэнхүйд тогтоох санаархал гаарч байхад бид жижиг сажиг зүйлд хүчээ барж суух эрхгүй. Нээлттэй зах зээл, хувийн өмч, шударга өрсөлдөөнийг эрхэм болгон хүн бүрийн эрхийг хамгаалах, өрх бүрт жаргалыг авчрах эрхэм зорилгодоо хүрэхийн тулд бидэнд ЯЛАЛТ хэрэгтэй. Үүний тулд гишүүн бүр сонгогчдод намын бодлого зорилгыг хүргэж итгэлийг олоход төвлөрөх шаардлагатай байна. Нэг намын дарангуйллаас, баялгийн хулгайгаас, өрийн дарамтаас,хоцрогдол, ядуурлаас Монголоо чөлөөлцгөөе" гэжээ.