Иргэний Зориг Ногоон Нам (ИЗНН)-ыг материал нуун дарагдуулж, нэр дэвших эрхэд халдсан гэх үндэслэлээр шүүхэд өгч буй талаар иргэн О.Энхмаа мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Өнгөрсөн сарын 25-нд ИЗНН нэр дэвшигчдийнхээ материалыг бүрдүүлээд Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ) руу явахад нь цуг очсон юм. СЕХ-ны гаднаас сэтгүүлчид надаас ярилцлага авсан. Үүнээс болоод манай намын дэд дарга, дуучин Нара буюу М.Нарантуяа намын байранд ирсэн хойноо загнасан. Тухайн үед Нараг дэд дарга болсныг мэдээгүй тул энэ талаар намын дарга Б.Батбаатараас лавлахад дотоод асуудал гэж хариулсан. Улмаар намын цахим хуудсанд миний зургийг таллаж тавих зэргээр зохисгүй үйлдэл нь давтагдлаа.
Уг нь сонгууль гэдэг нийгэмд хийж бүтээснээрээ өрсөлдөх ёстой. Гэтэл олны төлөө хийсэн ажил нь тодорхойгүй, урлаг соёлын ачаар нийтэд танигдсан иймэрхүү хүмүүс нэр дэвших нэрээр санал хуваах, мөнгө авах зэргээр оролцдог байж болзошгүй нь харагдаж байна.
Намын дотоод асуудал нь надад хамаагүй байж болно. Миний нэр дэвших материалыг өгсөн гэчхээд нуун дарагдуулсанд гомдолтой байна. Намын даргаасаа асуухаар нарийн бичгийн дарга нь мэднэ гэдэг, тэр хүнээс лавлахаар шалгаж байна гэсээр бүр сүүлд нь буюу тавдугаар сарын 31-ний 17:00 цагийн орчимд дэвшээгүй гэдгээ мэдсэн. Хэрвээ дэвшүүлэх боломжгүй байсан бол хуулийн дагуу надад мэдэгдэх үүрэгтэй. Эрт мэдэгдсэн бол өөр намаас нэр дэвших боломжтой байлаа. Тиймээс тус намыг захиргааны хэргийн шүүхэд өгч байгаагаа мэдэгдье" гэлээ.