Өмнөговь аймгийн Даланзадгад сумыг Алтан гадас одонгоор шагналаа

Өмнөговь аймгийн Даланзадгад сумыг Алтан гадас одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж, Өмнөговь аймгийн шилдэг сумаар удаа дараа шалгарч байгаа амжилт, бүтээл, сумын ард иргэдийн ажил үйлс, гавьяа зүтгэлийг нь үнэлж Өмнөговь аймгийн Даланзадгад сумыг Алтан гадас одонгоор шагналаа.

Шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар гардуулж, сумын төр, захиргааны байгууллагууд болон ард иргэдэд амжилт хүсэн ерөөв. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Ө.Золбаяр уншиж сонордууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч мэндчилгээндээ төр, захиргааны байгууллагууд болон хувийн хэвшил, ард иргэдэд баяр хүргэж, амжилт хүсэв.

Даланзадгад сум 32 мянга гаруй хүн амтай. БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1965 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 124 дүгээр зарлигаар орон нутгийн хот болон өргөжин хөгжсөн түүхтэй.

2020-2024 онд Даланзадгад хотыг хөгжүүлэх иргэн төвтэй “Дэвшилтэт Даланзадгад” хөтөлбөр хэрэгжүүлэн, 2022 оноос сум өөрөө өөрийгөө 100 хувь санхүүжүүлж байна.

Монгол Улсад анх удаа төрийн өмчийн сургууль, цэцэрлэгтээ олон улсын ISO стандарт нэвтрүүлж, эхийн эндэгдэлгүй, бэлчээрийн усан хангамжийг 62 хувиас 75 хувьд хүргэжээ.

Мөн малын гоц халдварт өвчингүй тайван бүс нутаг гэдгээ гурван жил дараалан баталгаажуулсан. Гэрэлтүүлэг, цэвэр, бохир усны шугам сүлжээ, автозам, явган зам болон дугуйн зам зэрэг дэд бүтцээ жил бүр нэмэгдүүлж, хөгжлийн индексээрээ улсын хэмжээнд, иргэдийн сэтгэл ханамжийн буюу хэрэглэгчийн үнэлгээгээр аймагтаа тэргүүлсэн зэрэг амжилтаар 59 жилийн ойгоо угтаж байна.