"Ногоон автобуснуудыг олон нийтэд танилцуулсны дараа АТҮТ-өөс 100 автобусанд дахин техникийн үзлэг хийхэд 99 нь тэнцээгүй"

"Ногоон автобуснуудыг олон нийтэд танилцуулсны дараа АТҮТ-өөс 100 автобусанд дахин техникийн үзлэг хийхэд 99 нь тэнцээгүй"

“Нийслэлийн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, парк шинэчлэх шаардлагын дагуу 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх, шалгалтын тайлан, санал, дүгнэлтийг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий” Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол өнөөдөр /2024.05.22/ болж байна.

Энэ үеэр худалдан авсан автобуснууд нь техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан эсэх талаар шинжээч дүгнэлтээ танилцууллаа.

Их багтаамжийн цахилгаан автобус "Skywell" загварын нийт 160 ширхэг нийлүүлэгдэхээс 55 нь ирж, үйлчилгээнд явж байна. Дунд багтаамжийн "Hyundai County" 50 ширхэг нийлүүлэгдсэн ч үйлчилгээнд яваагүй. Их багтаамжийн дизель хөдөлгүүртэй "Daewoo BS106" загварын 600 автобус нийлүүлэгдэхээс 100 ширхэг нь Монгол Улсад ирсэн. Эдгээр 100 ширхэг автобус үйлчилгээнд нэг ч яваагүй, 20 ширхэг нь АТҮТ-ийн шалгалтад орсон байдаг. 2023 оны Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын худалдан авах хоёр гэрээ байна. "Skywell", "Hyundai County" автобусыг худалдаж авах гэрээ хүчин төгөлдөр байгаа бол "Daewoo BS106" загварын автобусных хэсэгчлэн цуцалсан байна. Нийслэлийн Нийтийн Тээврийн Газраас их багтаамжийн автобусыг хүлээлцэх ажлын хэсэг 2023 оны зургаадугаар сард Мөнхбат даргатай, 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан байдаг. "Skywell" загварын цахилгаан автобусны ерөнхий байдал, хэмжээ, загвар, цахилгааны үзүүлэлтийг агуулсан техникийн баримт бичиг дагалдаж иржээ. Манай хянагч нар өөрийн биеэр очиж танилцсан байдаг.

"Hyundai County" загварын автобус. НИТХ-ын 2022 оны тушаалаар баталсан стандартад дунд багтаамжийн автобус нь 20-26 хүний суудалтай байхаар заасан байдаг. Гэтэл автобусыг худалдан авах үзүүлэлт дээр 18-аас дээш хүний суудалтай гэж заасан байна.

УИХ-аас 2022 онд 24 болон түүнээс дээш 45 хүний суудалтай шинэ автобусыг импортын татвараас чөлөөлөхөөр заасан байдаг. Тухайн боловсруулагдсан техникийн үзүүлэлтүүдийг холбогдох баримт бичгийг харахгүйгээр хийсэн байна. Үүнээс болж гааль татварын асуудал үүссэн. Хотын даргын захирамжийн дагуу гаалийн татварыг бүрэн төлж барагдуулсан байгаа.

Дунд багтаамжийн "Hyundai County" загварын автобусанд техникийн 28 үзүүлэлтийг тусгасан байдгаас зургаан үзүүлэлтээр тэнцэхгүй гэсэн дүн шинжилгээ гаргасан. Тухайн автобусны шил гэрэл бууруулагчтай, давхар вакум цонхтой байхаар төлөвлөгдсөн ч хүлээж авсан автобус гэрэл бууруулагчгүй, дан шилтэй, цан арилгагчгүй байсан байна. Гурван халаалтын системтэй, байхаас хоёр, орох, гарах шатны өндөр 30-аас дээш байсан.

Их багтаамжийн дизель хөдөлгүүртэй "Daewoo BS106" загварын автобусны үйлдвэрлэгчийн техникийн баримт бичиг. Уг бичгийг гаалийн газраас албан ёсоор авсан. Бүх арлын дугаарыг нэгэн зэрэг шивээд явуулсан явдал гарсан. 2023 онд их багтаамжийн дизель хөдөлгүүртэй "Daewoo BS106" загварын эхний 20 автобусыг хүлээлцсэн комиссын акт дээр шаардлагад нийцсэн гэж дүгнэсэн байна. Тухайн автобусыг хүлээж авахад ямар асуудал үүссэнийг шинжлэхэд зөрүүтэй найман үзүүлэлт гарсан гэж үзлээ. "Daewoo BS106 загварын автобусны техникийн тодорхойлолтод дизель Евро V босоо байрлалтай байна гэж заасан ч хүлээж авсан автобусных дизель Евро II төрлийн мотортой байжээ. Урд, хойд тэнхлэг хийн нуман амортизатортай байх ёстой боловч хуудсан нумтай байна. Гэрлийн тусгал нь 10,000-225,000 cd стандарттай ч ойрын гэрлийн тусгал нь 10,000cd-гээс доош байсныг АТҮТ-ийн шалгалтаар нотлогдсон.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан шат, тавцантай байх, тэргэнцэр байрших байршил, бэхэлгээтэй байх ёстой ч аль нь ч байгаагүй. Чиглэлийн дугаар, хаяг бүхий цахим дэлгэц самбартай байна гэж заасан боловч хийгдээгүй. Сүүлд нэмэлтээр хийсэн байсныг шалгалтаар илрүүлсэн байдаг.

"Тэнүүн-Огоо" компанийн бааз дээр очиж автобусыг үзэж, судлахад цонх бусад деталийг угсарсны дараа их биеийг будсан гэж дүгнэсэн байгаа. Энэхүү будалтууд нэг автобус дээр байгаа эсэхийг шалгахад бусад автобусанд нийтлэг байсан. Автобусны хойд хаалганы дээд баруун булангийн будаг, дээд шилний гагнаасыг бохир хийсэн. Автобуснуудын цонхыг 0.5-1 см-ийн зайтай хийсэн байсан. Хөдөлгүүрийн зай завсрыг барилгын хөөсөөр битүүлсэн. Доод хэсгийн эд ангийг овоорсон, урссан байдалтай будсан. Будах ёсгүй эд ангиуд руу будаг шүршсэн.

Төв талбай дээр олон нийтэд автобуснуудыг танилцуулсны дараа АТҮТ-өөс 100 автобусанд дахин техникийн үзлэг хийхэд 99 нь тэнцээгүй, нэг автобус тэнцсэн.

94 автобус гэрлийн байдлаар, 71 нь утаа, найман автобус тормозны үзүүлэлтээр тэнцээгүй. Тухайн автобуснууд утааны дээд хязгаараас хоёр дахин их байсан нь дахин шинжилгээгээр нотлогдсон байна. Шалгалтын явцад VIN код буюу арлын дугаар гишгүүр дээр байрласан байгаа. Стандартын дагуу арлын дугаар нь автобусны урд хаалганы дээд хэсэгт байрлах ёстой байдаг гэж танилцууллаа.




Өнөөдөр гахай өдөр

1 цагийн өмнө