ШУУРХАЙ: О.Мөнхжин, Б.Гантиг нарт холбогдох хэргийг шалгахдаа хуулийг ноцтой зөрчсөн байж болзошгүй хэмээн прокурорт буцаалаа

ШУУРХАЙ: О.Мөнхжин, Б.Гантиг нарт холбогдох хэргийг шалгахдаа хуулийг ноцтой зөрчсөн байж болзошгүй хэмээн прокурорт буцаалаа

"Их бит" ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал О.Мөнхжин, гүйцэтгэх захирал Б.Гантиг нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр /2024.05.17/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо. Шүүх хуралдааны эхэнд шүүгдэгч нарын өмгөөлөгч "Шүүх хурлыг хаалттай явуулж өгөх хүсэлт" гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн тус хүсэлтийг хүлээн авч, хэргийг хаалттай хэлэлцсэн байна. Улмаар шүүхээс тус хэргийг прокурорт буцаажээ.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон урьдчилсан хэлэлцүүлгээр тус хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байж болзошгүй хэмээн нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан байна. 

Эргэн сануулахад, Нийслэлийн прокурорын газраас тэднийг гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож, нэр бүхий койны үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглан өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийн дансаар койн арилжаалсан, мөнгө угаасан, худал мэдэгдэл хийж олон нийтийг төөрөгдүүлэн, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашигласан гэж үзсэн байдаг. Тиймээс Эрүүгийн хуулийн 18.19 дүгээр зүйлийн 2.1, 2.2 /Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод мэдээллийг хууль бусаар ашиглах/, 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/, 18.20 дугаар зүйлийн 1 /Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.

8.19 дүгээр зүйл. Виртуал хөрөнгийн үйлчилгээний дотоод  мэдээллийг хууль бусаар ашиглах

  • 2.1.бүлэглэж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

18.6 дугаар зүйл. Мөнгө угаах

  • 1.Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан; түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн; түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

18.20 дугаар зүйл.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд арилжааг урвуулан ашиглах

  • 1.Виртуал хөрөнгийн хуурамч арилжаа хийсэн, эсхүл үнэ ханшийг зохиомлоор тогтоосон, эсхүл оролцогч, харилцагчийг арилжаанд оролцуулах, эсхүл оролцуулахгүй байх зорилгоор хууран мэхэлсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж тус бүр заажээ.