Прокурорын байгууллага тавдугаар сарын 10-16-нд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулах, дахин үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 18 байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл хүргүүлжээ.
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “В” караоке нь 21 нас хүрээгүй хүнд архи, дарс, шар айраг зэрэг согтууруулах ундаагаар үйлчилсэн зөрчил гаргасан “У” ХХК-ийн захиралд Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах талаар мэдэгдэл хүргүүлсэн байна.
Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, нэг сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.
Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар