БНХАУ-д хар салхины улмаас таван хүн амиа алдаж, 33 хүн бэртжээ

БНХАУ-д хар салхины улмаас таван хүн амиа алдаж, 33 хүн бэртжээ

Өнгөрсөн бямба гарагт буюу дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Хятадын өмнөд хэсэгт орших Гуандун мужийн Гуанжоу хотыг хүчтэй хар салхи дайрсны улмаас таван хүн амь үрэгдэж, 33 хүн бэртсэн талаар Синхуа агентлаг мэдээлжээ.

Түүнчлэн 19 сая хүн оршин суудаг Гуанжоу хотын цахилгаан хар салхины улмаас тасарсан ба 141 үйлдвэрийн барилга сүйдсэн байна. Хар салхины хүчийг 1-5 дугаар зэргээр үнэлдэг ба урьдчилсан дүгнэлтээр тус хотод гуравдугаар зэргийн хар салхи болсон гэж үзжээ. Саяхан тус мужид хүчтэй орсон аадар борооны улмаас үерийн гамшиг тохиож, дөрвөн хүн амиа алдаад байсан. 

Уг үерийн гамшиг тохиосноос долоо хоногийн дараа тус хотыг хар салхи дайрсан нь хотын эдийн засагт ихээхэн хохирол учруулаад байна. Үерийн шууд хохирлын хэмжээ 20 сая ам.долларт хүрснийг хотын эрх баригчид мэдээлсэн юм.