"Алтайн хүдэр ХХК-ийн захирал Р.Базарын асуудлыг АН руу чиглүүлж буйг эрс няцааж байна" гэж мэдэгдэл гаргажээ

"Алтайн хүдэр ХХК-ийн захирал Р.Базарын асуудлыг АН руу чиглүүлж буйг эрс няцааж байна" гэж мэдэгдэл гаргажээ

"Алтайн хүдэр" ХХК-ийн эзэн "Баян" гэх тодотголтой Р.Базар нарын хүмүүс нь "сонгуулийг хууль бусаар санхүүжүүлж, мөнгө угаасан байж болзошгүй" гэх үндэслэлээр баривчилж, цагдан хорьж шалгаж эхэлсэн гэх мэдээлэл бий.

Иймд Р.Базар хэний сонгуулийн мөнгийг бэлдэж байсан бэ гэдэг асуулт гарч, олон эх сурвалжуудын таамаг мэдээлэл ч гарч эхлээд буй. Тэгвэл энэхүү хэрэг явдалтай холбогдуулж АН-аас албан ёсны мэдэгдэл гаргасан байна.

Тус мэдэгдэлд, "Эрүүгийн цагдаагийн албанаас өнөөдөр /2024.04.15/ “Алтайн хүдэр” компанийн захирал Р.Базарын ажлын байранд нэгжлэг хийж, тайлбар мэдүүлэг авч байгаа тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацав. Төрийн байгууллага ажил үүргээ гүйцэтгэсэн дээрх үйл явдлыг Ардчилсан Нам руу чиглүүлж, тус намын удирдлагыг холбон мэдээлж буй нь ор үндэслэлгүй болохыг Ардчилсан намын зүгээс няцааж байна.

Хэргийн үнэн мөн олдоогүй, эцэслэгдээгүй байхад Ардчилсан намын нэр хүндэд санаатайгаар халдаж, уг үйл явдалд холбоотой мэтээр мэдээлэл тараан түгээх үйлдэл гаргасан тохиолдолд хууль шүүхийн байгууллагад хандаж, нэр төрөө хамгаална гэдгээ энэхүү мэдэгдлээр илэрхийлж байна.

Түүнчлэн Ардчилсан Нам нь бизнес эрхлэгчдийн эрх ашгийг ямагт хамгаалсаар ирсэн бөгөөд татвар төлөгч, бизнес эрхлэгч хэнийг боловч хууль зөрчсөн эсэх, гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад гэмт хэрэгтэн мэтээр нийгэмд зарлан мэдээлж буйг эрс буруутгаж байна" гэжээ.