Д.Сумъяабазар хангайн бүс рүү шахагдсан ч СХД-тээ очихоор зүтгэж буй бол энэ тойрогт АН-аас Н.Алтанхуяг, Л.Эрдэнэчимэг нар горилж байна

Д.Сумъяабазар хангайн бүс рүү шахагдсан ч СХД-тээ очихоор зүтгэж буй бол энэ тойрогт АН-аас Н.Алтанхуяг, Л.Эрдэнэчимэг нар горилж байна

Нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүрэгт улс төрийн гол хүчин МАН, АН-аас хэн, хэн нэр дэвшихээр горилж байна вэ. Энэ бол таван мандаттай, нэг тойрог юм.

-Д.СУМЪЯАБАЗАР ӨӨРӨӨ НЭР ДЭВШИЖ ЧАДАХГҮЙ БОЛ ӨӨРИЙН ХҮН Ж.САНДАГСҮРЭН, Н.АЛТАНШАГАЙ НАРЫН НЭГИЙГ НЭР ДЭВШҮҮЛНЭ ГЭЖЭЭ-

МАН-ын удирдлагууд Хотын дарга асан Д.Сумъяабазарыг “ногоон автобус”-ны худалдан авалтаас болж нийслэлд ялагдах магадлалтай гэж үзэн хангайн бүсэд нэр дэвшүүлэхээр ярилцаж байгаа бол тэрбээр Сонгинохайрханд очихоор зөрж байгаа талаар эх сурвалж мэдээлэв. Д.Сумъяабазар бол Нийслэлийн МАН-ын дарга, 2012 оноос хойш тасралтгүй Сонгинохайрхан дүүргээс сонгогдож, УИХ-ын гишүүнээр гурван удаа ажилласан. 2020 оны сонгуулийн дараа өөрийн хүсэлтээр гишүүнээс чөлөөлөгдөж, Хотын дарга  болсон ч тасралтгүй нэр хүнд нь унаж хамгийн сүүлд “ногоон автобус”-ны худалдан авалтын асуудалд нэр холбогдсоноор огцорсон юм.

Хэрвээ тэр намын удирдлагуудынхаа шахалтаар хангайн бүс төрсөн нутаг болох Өвөрхангайд нэр дэвшихээр болбол Сонгинохайрханд өөрийн хүн гэгдэх тус дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Хотын ерөнхий менежер Ц.Төрхүү, Ж.Сандагсүрэн нарын нэгийг дэвшүүлж магадгүй талаар МАН –д ярьж байна.  Түүнээс гадна тус намаас Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч асан Ганбямбын Дөлгөөнийг энэ тойрогт нэр дэвшүүлэхээр тохироод байгаа аж. Түүний тухайд сонгуульд нэр дэвшихээр өнгөрсөн нэгдүгээр сард ажлаа хүлээлгэн өгсөн.

 ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуун мөн идэвхтэй горилж буй ч нам нь түүнд улс төрийн дэмжлэг үзүүлэх эсэх нь эргэлзээтэй. Дээрхээс гадна тус тойрогт Соёлын сайд Ч.Номин, УИХ-ын гишүүн П.Анужин, Э.Батшугар нар нэр дэвших нь тодорхой байгаа юм. Соёлын сайд Ч.Номингийн хувьд одоогийн Б.Жаргалмаа гишүүний квот дээр өрсөлдөх бөгөөд өндөр дэмжлэгтэй байгаа аж. Харин Э.Батшугар  Д.Сумъяабазарын квот дээр өрсөлдөж ялсан бөгөөд энэ удаа ч МАХН-ын квотоор тус тойрогт очих нь.

-Н.АЛТАНХУЯГ АРДЧИЛСАН НАМААСАА НЭР ДЭВШИХ НЬ-

Харин Ардчилсан намаас 2020 оны сонгуульд тус тойрогт мөн нэр дэвшин ялагдсан “Тнгри Инвест” ХХК-ийн захирал, Ардчилсан залуучуудын холбооны гишүүн Г.Очирбат, М ойл группийн ерөнхийлөгч Б.Пунсалмаа мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Л.Эрдэнэчимэг, Жадамбаагийн Отгонбаяр, комедиан Н.Амаржин нар тус дүүрэгт нэр дэвших мэдээлэл байна. Н.Алтанхуяг нь 2020 оны сонгуулиар Орхон аймагт бие даан нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Гэвч тэрбээр 2021 онд АН-даа эргэн орж одоо УИХ дахь бүлэгт харьяалагдаж байна. Харин энэ удаа тэрбээр уугуул нам АН-аас нийслэлд нэр дэвших нь. 2012-2016 оны УИХ-д сонгинохайрханчуудыг төлөөлж байсан “Монос”-ын Л.Эрдэнэчимэг нь Гэргий нэвтрүүлэгт орсныхоо дараа “Би УИХ-д нэр дэвшихгүй” гэж байсан ч түүний нэр горилж буй гишүүдийн дунд байгааг эх сурвалжууд мэдээлэв.