Ирэх зургаадугаар сард болох УИХ-ын сонгуультай холбоотой зарим олны танил хүмүүс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг цаашлаад түүний байгуулсан Засгийн газрыг дэмжихээ цахим хуудсаараа дамжуулан илэрхийлээд буй.
Тэгвэл түүхч, философич Д.Өлзийбаатар мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг дэмжихээ илэрхийлжээ.
Тэрээр өөрийн цахим хуудсандаа “Манай хөгжил зогсонгошисны, нийгмийн бухимдал дургуйцэл ихэссэний гол шалтгаан бол удирдах дээд түвшинд байсан, байгаа этгээдүүдийн зүгээс зохион байгуулж систем болтол нь хөгжүүлсэн авилга, албан тушаалын гэмт хэрэг юм. Нэг үгээр Монгол маягийн мафи. Ерөнхий сайд Оюун-Эрдэнийн реформын гол үзүүр энэ системийг устгахад чиглэж байна. Тэр нэгэнт өөрийн хариуцлага, үүргээ ухамсарлачихсан болохоор юунаас ч үл айн энэ тэмцлийг манлайлж байгаа нь та бидний нүднээ ил. Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ гадна өнгөндөө зөөлөн харагдавч дотор талдаа бол чанга зоригтой хүн юм байна гэж би боддог. Удахгүй УИХ-ын ээлжит сонгууль болох нь. Ер нь Их хурлын сонгууль бол улсаа удирдах Ерөнхий сайдаа сонгоноо л гэсэн үг. Өнөөгийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэрэгжүүлж буй системийн авлигыг нурааж шударга ёсны тэмцлийг бүрэн ялалтад хүргэж, Байгалийн баялгийг иргэн бүрд, өсөлтийг өрх бүхэнд шууд хүргэхийн төлөөх тэмцэл Монгол Улсын шинэ 30 жилийн түүхийг тодорхойлох гол хүчин зүйл болноо гэдгийг би түүхч хүний хувьд бодож явдаг юм” гэжээ.