Хэдхэн хоногийн өмнө шахмал түлшний улмаас Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаг залуу хос угаартаж нөхөр нь амиа алдаж, эхнэр нь тархины үхжилт оноштойгоор эмнэлэгт хүргэгдсэн харамсалтай хэрэг гарсан билээ.
Хэрэг гарсан шөнө залуу хос гэртээ 20 цагт ирсэн бөгөөд маргааш оройн 18 цагт тэднийг угаартсан байдалтайгаар хамаатны ах нь олсон байна. Онцгой Байдлын Албанаас яндангаа салгаж, өрхөө бүтээсний улмаас хосыг угаартсан гэсэн дүгнэлтийг гарган цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм.
Харин хөршүүдийнх нь мэдээлснээр “Урьд өмнө нь тэд яндангаа салгаж, өрхөө бүтээж байсан удаагүй. Бидэнтэй долоо хоног болгон хөзөр тоглож, түлээ нүүрсийг маань дөхүүлж өгдөг найрсаг хүмүүс байсан” гэжээ.
Мөн хохирогчийн ах нь тэднийг ямар нэгэн гэр бүлийн маргаангүй байсан хэмээн батлан ярьж байгаа юм. Хохирогчид нэг настай хүүхэдтэй бөгөөд харах хүнгүй тул Архангай аймаг руу түр явуулсан байжээ. Одоогоор эхнэр нь ухаан орсон ч бүрэн сэргээгүй байгаа юм байна.