Амралтын өдрүүдэд угаарын хийнд хордсон 46 хүн ханджээ

Амралтын өдрүүдэд угаарын хийнд хордсон 46 хүн ханджээ

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил, Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Г.Даваажаргал нар өнөөдөр мэдээллээ.

НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, “Угаарын хий мэдрэгчийг нэг удаа үнэ төлбөргүй олгох ажлын хүрээнд эхний ээлжинд 20 мянган ширхэг мэдрэгчийг 19744 айл өрхөд суурилуулан 98.8 хувийн гүйцэтгэлтэй зохион байгуулж, амралтын өдрүүдэд нэмж ирсэн 50 мянган ширхэг угаарын хий мэдрэгчийг дүүргүүдэд хуваарилж, үндсэндээ 70 мянган мэдрэгчийг айл өрхүүдэд хүргэж ажиллаж байна. Амралтын өдрүүдэд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон нийт 17 өрхийн 46 иргэн хандаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж зөвлөгөө авсан” гэлээ.

НМХГ-ын Агаарын чанарын хяналтын хэлтсийн дарга Н.Шинэ-Оргил “Амралтын өдрүүдэд нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын байгууллагын 18 хүний бүрэлдэхүүнтэй баг хөдөлгөөнт эргүүл хийж, түлш борлуулах цэгүүдэд ажилласан. Мөн Улаанбаатар хотын найман товчоонд 24 цагийн хяналтыг дээрх гурван байгууллагын алба хаагчид хийсэн. Нийт Улаанбаатар хотод зөвшөөрөлтэй 29 тээврийн хэрэгслийн 630 тонн түүхий нүүрс нэвтэрсэн. Энэ амралтын өдрүүдэд Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн 13-ын нэг тоотод барьж буй хоёр давхар барилгад 27 шуудай түүхий нүүрс байгааг илрүүлэн Нийслэлийн Засаг даргын 1118 дугаар захирамжийн дагуу 711 тонн түүхий нүүрсийг Амгалан дулааны станцад буулгуулан, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна” гэсэн мэдээллийг өглөө.