БНСУ-д цахим гэмт хэрэг үйлдэж, иргэдээс их хэмжээний мөнгө залилсан хэргээр шалгагдаж байсан Монгол Улсын иргэнд 4 жилийн хорих ял оноосон талаар тус улсын "Newsis" агентлаг мэдээлжээ.
Тодруулбал, Солонгос Улсын хууль зүйн салбарынхны өнөөдөр буюу гуравдугаар сарын 7-ны өдөр мэдээлснээр, "Сөүл хотын Эрүүгийн 5-р хэлтсээс залилан мэхэлсэн, албан ёсны бичиг баримт хуурамчаар үйлдсэн, хуурамч албан тушаал ашигласан хэрэгт холбогдуулан яллагдагчаар татагдсан 30 настай Монгол эмэгтэйд дөрвөн жилийн хорих ял оноосон" гэжээ.
Уг этгээд нь бичиг баримт хуурамчаар үйлдэж, БНСУ-ын есөн иргэнээс нийт 268 сая вон залилсан байна. Тухайлбал, 2022 оны наймдугаар сарын 22-ны өдөр санхүүгийн хяналтын албаны ажилтны бичиг баримт хуурамчаар бүрдүүлж хохирогч С-ээс мөрдөн байцаалттай хамтран ажиллах нэрийдлээр 12 сая вон бэлнээр авсан бөгөөд яг энэ аргаар 2022 оны есдүгээр сарын 21 хүртэл нийт 9 хохирогчоос 268 сая вон авчээ.
Уг монгол эмэгтэй нь зөвхөн Санхүүгийн хяналтын албаны ажилтан төдийгүй Сөүлийн өмнөд дүүргийн прокурор, Улсын дээд прокурорын газрын прокурор, Сөүл хотын төв дүүргийн албан тушаалтан зэрэг янз бүрийн албан тушаалын хуурамч бичиг баримт үйлдэж хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байна.
Эх сурвалж: Newsis