Томуу, томуу төст өвчний улирал эхэлсэнтэй холбоотойгоор Улаанбаатар хотын иргэдийн дунд энэ төрлийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.
Сүүлийн долоо хоногт амбулаторийн нийт 112,100 үзлэг хийснээс 6000 гаруй иргэн томуу, томуу төст өвчний шалтгаанаар үзүүлжээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган өнөөдөр Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажилласан талаар НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсээс мэдээлэв.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган:
-Томуугийн өвчлөл нэмэгдэж буйтай холбоотойгоор бүх эмнэлгийн нөхцөл байдал хүндрэх хандлагатай байна. Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхдүүдийг хүлээн авах 815 ор байдаг. Томуугийн идэвхжилийн үед 1450 ор болгон нэмэгдүүлэх боломжтой. Мөн Эрүүл мэндийн сайдын тушаалаар 575 орыг ЭМЯ-ны харьяа байгууллагуудад дэлгэх боломж бий. Өөрөөр хэлбэл, нэмэлтээр 2000 орчим ор дэлгэх боломжтой. Өнөөдрийн байдлаар 1110 ор дэлгээд байна. Эмнэлгүүдээс ирж буй мэдээллээр энэ жилийн томуу, томуу төст өвчний онцлог нь эдгэрэлт харьцангуй удаан. Үүнтэй холбоотойгоор орны эргэлт удааширч байгаа. Тодруулбал, хүүхдүүдийг 10 хүртэлх хоногоор хэвтэн эмчлүүлэх шаардлага үүсээд буй. Иймээс ирэх долоо хоногоос өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-үүд уртасгасан цагаар ажиллан, амралтын өдрүүдэд ч амбулаторийн үзлэг хийх зохион байгуулалт руу шилжиж байна гэлээ.
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Д.Мажигсүрэн:
-Амбулаторийн үзлэгээр амралтын өдрүүдэд 100-150, ажлын өдрүүдэд 80-90 хүүхэд үзүүлж буй. Өнөөдрийн байдлаар нийт 165 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Хүлээн авах, яаралтай тусламжийн тасагт 120 хүүхэд ирж, 25 хүүхэд нь хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байсан бол бусад нь зөвлөгөөгөө аваад гэртээ буцсан. Бид хүлээн авахад ирж, амбулаторийн үзлэгт үзүүлээд буцаж буй болон хэвтэн эмчлүүлээд гэртээ харьж буй хүүхдүүдийн мэдээллийг ӨЭМТ-үүдэд мэдээлж буй. Ингэснээр өрхийн эмч нарын гэрийн эргэлт сайжирч, манайд үзүүлэх болон хэвтэн эмчлүүлэгсдийн хугацаа харьцангуй багасаж байгаа юм. ӨЭМТ-ийн амбулаторийн үзлэгийн цагийг уртасгавал эмнэлэгт ирэх хүмүүсийн урсгал багасна гэж харж байна. Мөн сүүлийн долоо хоногт өвчлөл нэмэгдэж, хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо ихсэж байгаа бөгөөд манайх 170 ор дэлгээд буй. Гэвч цаашид ор нэмэн ажилласан ч хүүхдийн мэргэшсэн сувилагч хомсдолтой байна хэмээв.
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх захирал Т.Энхзаяа:
-Манай эмнэлэг нь томуу, томуу төст өвчний дэгдэлттэй холбоотойгоор олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Тодруулбал, Нийслэлийн Хүүхдийн сэргээн засах “Хан туул” төвд нэмэлтээр 50 ор дэлгээд буй. Мөн нөхцөл байдалдаа тулгуурлан нэмэлтээр 20 ор дэлгэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Түүнчлэн энэ үеэр эмч, сувилагч нар маш ачаалалтай байх учир цалингийн 20 хувийн нэмэгдэл олгохын зэрэгцээ томуугийн вакцинд хамруулж, дархлаа дэмжих витаминжуулалтын аян зарлаад байгаа. Ер нь 0-5 насны хүүхдүүдийн дунд томуугийн өвчлөл, хүндрэл их байна. Тэдний ихэнх нь хүчилтөрөгчийн хэрэгцээтэй ирж байгаа тул хэвтэн эмчлүүлэхээс өөр аргагүйд хүрч байгаа гэлээ.
Хүүхдийн тасгийн эрхлэгч Э.Миеэсүрэн:
-Бага насны буюу 0-5 насны хүүхдийн суурь өвчлөл болох рахит, тураал, цус багадалт зэргийг эмчлээгүйгээс үүдэн томуу, томуу төст өвчнөөр илүү хүндэрч өвдөх хандлагатай байдаг. Иймд юун түрүүнд суурь өвчлөлийг эмчлэх хэрэгтэй. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдийн ханиадыг 5-7 хоногт, суулгалтыг 4-5 хоногт эмчилж байна. Мөн өвчлөлийн хүндрэлээс хамааран 7-14 хоног эмчлүүлж буй тохиолдол олон бий. Арваннэгдүгээр сарын 25-наас хойш ачаалал нэмэгдсэн бөгөөд хоногт 20-25 хүүхэд шинээр хэвтэн эмчлүүлж байна гэв.
Ташрамд, энэ жилийн томуугийн дархлаажуулалтад 130 мянга орчим иргэн хамрагдсан байна.