Нүүрсний сонсголыг энэ сард багтаан хийхээр төлөвлөөд буй. Тус сонсголыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярар ахлуулсан “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох Хянан шалгах түр хороо”-ноос зохион байгуулах юм.
Өчигдөр /2023.11.17/УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбат, концессийн гэрээ, ЖДҮ-гийн 50 тэрбумын хэрэгт холбогдсон хүмүүстэй ямар хариуцлага тооцсон вэ, Хөгжлийн банктай холбоотой хэргээр 0,6 их наяд төгрөг төлөгдөөгүй байгааг хэзээ барагдуулах вэ, нүүрсний хэрэгт холбоотой нөхдүүдийн хэрэг юу болсон вэ гэж асуусан юм.
Харин Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр түүний асуултад хариулахдаа, УИХ-ын Хяналт, шалгалтын түр хороо хуралдаж, зарим шинжээч нарыг солих санал гаргасан боловч солихгүй гэж зарим гишүүд санал тавиад байна. Нөхцөл байдлыг ил тод хэлнэ. Түр хорооны даргын хувьд намчирхалгүй адил тэгш зарчим барьж ажиллана. УИХ-ын дарга Г.Занданшатар түр хорооны ажиллах нөхцөлийг хангах үүрэг өгсөн. Хугацаанд шахагдаж хөнгөн дүгнэлт гаргамааргүй байна. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Хөгжлийн банкны сонсголын үеэр сөрөг хүчнийг урьсан. Гэвч хэн нь ч орж ирээгүй. Олонх, цөөнхийн хамтын оролцоотой авлигын хэрэгтэй тэмцэх ёстой гэсэн юм.