Амандаа зоос зуусан мэлхий ярьж фэнг шуйгээр олон нийтэд танигдаж, дараа нь “Эрс шинэчлэл” хөдөлгөөнийг байгуулан гудамжинд гарч улс төрийн гараагаа эхлүүлж, Монголын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч, УИХ-ын гишүүнээр тодорсон нэгэн бол С.Ганбаатар. УИХ-ын гишүүн С.Ганбаатар оросоос бусад монголд оруулж буй гадаадын хөрөнгө оруулалтыг шүүмжилдэг тул түүнийг гаднын улсын гар хөл гэж хардах иргэд ч цөөнгүй.
Тухайлбал, тэрээр парламентын гишүүн болсон цагаасаа эхлэн Оюутолгой хөрөнгө оруулалтыг муулж ирсэн. Хачирхалтай нь, С.Ганбаатарыг Оюутолгойг муулах бүрд хөрөнгийн зах зээл дээр энэ төслийн хувьцааны ханш өөрчлөгддөг, энэ ханшийн өөрчлөлтөөс хэсэг бүлэг хүмүүс ашиг олдог байж магадгүй талаар Хотын дарга асан Э.Бат-Үүл Clubhouse-т болсон хэлэлцүүлгийн үеэр ярьж, “С.Ганбаатарыг гаднын гар хөл гэж харддаг” хэмээн байр сууриа илэрхийлж байв. Гэтэл Монголын цахилгаан эрчим хүчний төслүүдийг зогсоох хорлон сүйтгэх ажиллагаа явуулж байсан гэдэг ОХУ-ын тагнуул Евгений Симонов болоод түүний монгол эхнэр Д.Сүхгэрэл нь мөн л “Оюутолгойн хяналт” ТББ-ыг байгуулсан байдаг. Товчхондоо, Оюутолгойн төсөл бол Монгол Улсын гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт бөгөөд манай нэг хөршид энэ төсөл таалагддаггүй тул С.Ганбаатар, Д.Сүхгэрэл нар ийнхүү эсэргүүцдэг байж магадгүй.
-ОЮУТОЛГОЙГ МУУЛДАГ С.ГАНБААТАР, ТӨМӨР ЗАМЫГ ГАЦААСАН Х.БАТТУЛГА МОНГОЛЫГ ТОЙРСОН-
Тэгвэл саяхан С.Ганбаатар гишүүн Ховд аймагт иргэдтэй уулзалт хийх үеэрээ, “Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц бидний гол усанд аюул учрах уу гэдэгт хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргах нь чухал байна. Мөн уран газар ээжийн хэвлийн рүү хор шахахад тэндээс үүл босож ууршаад тэр үүл нь нүүж ирээд энд буухад энд байгаа ургамлуудыг бүгдийг нь байхгүй болгох уу гэдгийг судалгаагаар гаргаж ир гэж би хэлж байгаа. Бидний хойч ирээдүйн сайхан амьдрах баталгаа бол дэлэнт малынхаа дэлэнг шувтрахад бол бид 1000 жил ч байж л байна. УИХ-ын гишүүд бүгд лоббидуулсан учир би та нарт хандаж байна” гэж ярьжээ.
ВИДЕО:
“Хиншүү” С.Ганбаатар: Уранаар УИХ дээр бүгд лоббидуулаад мөнгө авчихсан болохоор зогсоож чадахгүй байна. Би одоо дахиад л талбай руу гарна гэж бодож байгаа ‼️‼️
— UBn.mn ЮУ БАЙНА (@UBn_mn) November 17, 2023
Уран газар ээжийн хэвлий рүү хор шахахад үүл босоод ууршаад буцаад буухад ургамалуудыг бүгдийн байхгүй болгохгүй… pic.twitter.com/8Gca3v2arz
Хамгийн ноцтой нь С.Ганбаатар гишүүн монголын усан цахилгаан станц /УЦС/ болоод ураны төслүүдийг муулж, улмаар гацаахын тулд иргэдийн тархийг угааж яваа бололтой. Яг энэ тархи угаах технологийг ОХУ-ын иргэн Е.Симонов түүний монгол эхнэр Д.Сүхгэрэл нар ашиглан монголын дотооддоо үйлдвэрлэх эрчим хүчний төслүүд болох Эрдэнэбүрэн, Шүрэн зэрэг усан цахилгаан станцын төслүүдийг амжилттай зогсоож чадсан талаар Nosvox.com сайт мэдээлж байв. Ингэхдээ Оросын тагнуул Е.Симонов байгаль орчны тэмцэгчийн нэрээр монголд ирж, нутгийн тэмцэгчидтэй танилцаж, тархи угаах ур чадварынхаа ачаар тэднийг "хорлон сүйтгэх" үйл ажиллагаандаа ашиглаж байсан гэдэг. Үүний үр дүнд нь манай улс эрчим хүч болоод төмөр зам, шатахууны хувьд ОХУ-аас өнөөдрийг хүртэл хамааралтай явж байна.
Тухайлбал, манай улс төмөр замаа нарийн царигтай тавих гэхээр Ерөнхийлөгч асан Х.Баттулга эсэргүүцээд гацаадаг. Тэрээр Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байхдаа Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 400 гаруй км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 200 гаруй км төмөр замыг бүдүүн царигаар барьсан ба өдгөө эдгээр төмөр замууд хаашаа ч гарцгүй “мухар төмөр зам” болж үлдээд байгаа. Харин өнгөрөгч зун Х.Баттулга, С.Ганбаатар нар нийлж, “Хөх туг” хэмээх аяныг зарлан хөдөө орон нутгаар тойрч, иргэдтэй уулзахдаа АН-ын нэр, логог өөрчлөх санал асуулгыг авч явсан байдаг.
-С.ГАНБААТАРЫН ЯРИАГААР МОНГОЛД УРАН ОЛБОРЛОЖ, УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАРИВАЛ АЮУЛТАЙ ГЭНЭ-
Өнгөрөгч тавдугаар сар /2023.05/-д Францын Ерөнхийлөгч Э.Макрон манай улсад анх удаа айлчлал хийсэн. Мөн өнгөрөгч аравдугаар сар /2023.10/-д Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц улсад төрийн айлчлал хийж, манай хоёр орны эдийн засгийн харилцаа шинэ түвшинд гарч байна. Тодруулбал, Франц улс монголоос цөмийн станцын гол түүхий эд болох уран авах талаар хэлэлцээ хийгдэж эхлээд байна. Дэлхий дээр нийт ураны 32 хувийг АНУ, 19 хувийг БНХАУ, 15 хувийг Франц улс хэрэглэж тэргүүлдэг. Товчхондоо, Франц бол ураны хэрэглээгээр дэлхийд эхний гуравдугаар байрт ордог улс. Гэтэл ураны хэрэглээ хамгийн их Франц “ураны орд байхгүй” гэдэг. Иймд ураны хэрэглээгээ Нигер болон ОХУ-аас “баяжуулаагүй уран” авч хангадаг. Харин өдгөө Орос улс нь Европын орнуудын хоригт орсон тул ураны экспорт нь зогсож, Франц улс ч ураны нийлүүлэлтээ нөхөх өөр оронтой түлшлэх шаардлагатай болсон.
Товчхондоо, Франц улс оросоос авдаг ураны хэрэглээгээ монголоос нөхөж, манай улсад их хэмжээний орлого оруулахаар болоод байгаа. Дэлхийн нийт ураны 46 хувийг Казахстан, 10 хувийг Канад, 9 хувийг Австрали, 5 хувийг Орос олборлодог.
Харин манай улс ураны нөөцөөрөө дэлхийд эхний 20 дугаарт, Азидаа эхний 10 дугаар байранд ордог бөгөөд 2022 оны байдлаар манай улсад 180 мянган тонн ураны нөөц илэрсэн ба энэ тоо жил ирэх тусам нэмэгдэж байгааг судлаачид онцолж байна. Иймд манай улс дэлхийн ураны нийт хэрэглээний 5 хувийг нийлүүлдэг болох боломж нээгдэж байгааг ч үгүйсгэх аргагүй юм.
Гэтэл Орос тэргүүтэй орнууд уран олборлож дэлхийд өрсөлдөж байхад манай улс уран олборлоход С.Ганбаатар гишүүний яриагаар, “Үүл босож ууршаад тэр үүл нь нүүж Ховдод бууж магадгүй” гэнэ. Нөгөө талаар манай улс оросын “Галуут нуур”-ын усан цахилгаан станцаас цахилгаан авч жилдээ 150 сая гаруй ам.доллар төлдөг гэх мэдээлэл бий. Гэтэл С.Ганбаатарын яриагаар “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц эхэлбэл гол усанд аюул учирч магадгүй” гэнэ. Товчхондоо, С.Ганбаатар гишүүнийн яриагаар Орос улс уран олборлож, усан цахилгаан станцаас эрчим хүч гаргаж болно, харин Монгол Улс болохгүй гэнэ.