Г.Занданшатар: ХЭҮК жилд нэг илтгэл ирүүлдэг байгууллага баймааргүй байна. Шаардлагатай бол даргыг нь солих хэрэгтэй /ВИДЕО/

Г.Занданшатар: ХЭҮК жилд нэг илтгэл ирүүлдэг байгууллага баймааргүй байна. Шаардлагатай бол даргыг нь солих хэрэгтэй /ВИДЕО/

УИХ-ын Баасан гарагийн /2023.11.17/ чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар Хүний эрхийн үндэсний комисстой холбоотой санал гомдолд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороонд үүрэг чиглэл өглөө.

Тэрбээр, “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хүний эрхийг хамгаалахтай холбоотой эрхзүйн болон соёлын шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж эхэлсэн ч гэсэн хүний эрх зөрчигдөх явдал гарсаар байна.

Монгол Улс хүний эрх чөлөөний индексээр 165 орноос 51 дүгээрт эрэмбэлэгдэж байна. УИХ-аас 2000 оны арванхоёрдугаар сарын 07-ний өдөр Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг анх баталж, хүний эрхийг хамгаалах үндэсний тогтолцоог бий болгосон. Энэ цагаас хойш манай улс эрх нь зөрчигдөж байгаа хүний талаар нийт 22 удаагийн илтгэлийг ирүүлсэн. УИХ-аас олон улсын хүний эрхийн тухай хуулийн зарчимд нийцүүлэн Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийг 2020 оны нэгдүгээр сарын 23-ний өдөр шинэчлэн баталсан. Энэ хуулиар олон чухал зарчмын өөрчлөлт хийсэн ч хуулийн хэрэгжилт төдийлөн сайнгүй байна.

Нэгдүгээрт, УИХ анх удаа өөрийн эрхээс татгалзаж Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдэд олон нийтэд нээлттэй ил тод зарлаж, сонгон шалгаруулж томилдог болсон. Гишүүдийн тоог ч нэмэгдүүлсэн. Гэтэл сүүлийн хүний эрх зөрчигдсөн асуудал шил дараалан гарах боллоо. Аливаа зүйлийг үүссэн хойно биш үүсэхээс нь өмнө шийдвэрлэдэг байх чиг хандлагыг Хүний эрхийн үндэсний комисст өгсөн байдаг.

Хоёрдугаарт, Монгол Улсын Хүний эрхийн тухай хуулийн шинэчлэлийн нэг зорилго нь комиссын гишүүний шаардлага зөвлөмж заавал биелдэг байх зөвлөмж оруулсан. Өнгөрсөн хугацаанд комиссын гишүүний шаардлага зөвлөмжийг зүгээр нэг цаас мэтээр үздэг байсныг УИХ шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл комиссын гишүүний шаардлага, зөвлөмжийг биелүүлээгүй аливаа этгээдэд төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог байхаар зохицуулсан. Гэвч энэ зохицуулалтыг Хүний эрхийн үндэсний комиссын дарга нь хэрэгжүүлж чадахгүй байна гэсэн шаардлага ирлээ.

Гуравдугаарт, Хүний эрхийн үндэсний комисс жилд нэг удаа илтгэл ирүүлдэг байгууллага баймааргүй байна. Жилд нэг л удаа илтгэл ирүүлдэг. Түүнийг нь дагаж УИХ баахан дүрэм, тогтоол баталдаг. Гэвч түүнийгээ хэрэгжүүлдэггүй.

Иймд Хүний эрхийн үндэсний комиссын уг асуудлыг Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо өнөөдөр болон энэ долоо хоногт дотооддоо авч хэлэлц. Хүний эрхийн асуудлыг хамгийн түрүүнд тавьж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг бүр хангахыг хууль хэрэгжүүлдэг бүх байгууллагад сануулж, энэ чиглэлээр гаргасан хууль тогтоомжоо хэрэгжүүлэх талаар Хүний эрхийн үндэсний комисс анхаарч ажиллах шаардлагатай. Шаардлагатай бол хүний эрхийн үндэсний комиссын даргыг өөрчилж солих хэрэгтэй.

ҮЗЭХ: