ШУУРХАЙ: Монгол Улсад НҮБ-ын Хүний эрхийн сургалт, судалгааны төв байгуулахаар Сүхбаатар дүүрэгт газар олгожээ

ШУУРХАЙ: Монгол Улсад НҮБ-ын Хүний эрхийн сургалт, судалгааны төв байгуулахаар Сүхбаатар дүүрэгт газар олгожээ

Нэгдсэн Үндэсний байгууллага /НҮБ/-ын Ази, Номхон далайн бүсийн Хүний эрхийн сургалт, сурталчилгааны төвийг Монгол Улсад байгуулахад зориулж нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд 2645 м2 газрыг Хүний эрхийн үндэсний комисс /ХЭҮК/-т олгосон байна.

Тодруулбал, Хүний эрхийн түгээмэл тунхаглал батлагдсаны 75 жилийн ойн хүрээнд НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас “Хүний эрх-75” санаачилгыг гаргаж гишүүн улс орнууд, Засгийн газруудад хандан, "Хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн хамгаалж, хүний эрхийн чиглэлээр ахиц дэвшил гаргах амлалт өгөх"-ийг уриалсан байна. Энэ хүрээнд манай Хүний эрхийн үндэсний комиссоос НҮБ-ын Хүний эрхийн сургалт, судалгааны бүсийн төв байгуулах амлалт өгөх саналыг гаргаж, улмаар ХЭҮК-ын энэхүү саналыг манай Засгийн газар дэмжсэн байна.

Харин Засгийн газрын энэхүү амлалтыг Гадаад харилцааны яам Лхагва гарагт буюу энэ сарын 15 /2023.11.15/-ны НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газарт хүргүүлсэн байна. 

Харин Швейцарын Женев хотод байрлах НҮБ-ын Төв байранд ирэх арванхоёрдугаар сарын 11-12 /2023.12.11-12/-ны өдөр болох Хүний эрхийн дээд хэмжээний уулзалтын үеэр улс орнууд ямар амлалт өгснийг олон нийтэл зарлах аж. Улмаар энэ үеэр НҮБ-ын тогтоол гарч, Монгол Улсад НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн Хүний эрхийн сургалт, сурталчилгааны төвийг байгуулах эцсийн шийдвэрийг баталгаажуулахаар болжээ. 

Сонирхуулахад, Монгол Улсад НҮБ-ын Хүний эрхийн сургалт, сурталчилгааны төв байгуулахыг НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газар дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна. Түүчлэн манай улсад саяхан ажилласан НҮБ-ын тусгай илтгэгч Маргарет Л.Саттервейт "Монгол Улсад НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн Хүний эрхийн сургалт, сурталчилгааны төвийг байгуулна гэдэг өндөр хүлээлттэй байгаа" хэмээн мэдэгдэж байжээ. Энэ бүхнээс дүгнэхэд манай улсад НҮБ-ын Ази, Номхон далайн бүсийн Хүний эрхийн сургалт, сурталчилгааны төв байгуулагдах нь дамжиггүй байгаа аж. 

НҮБ-ын Хүний эрхийн сургалт, судалгааны бүсийн төвийг Монгол Улсад байгуулснаар НҮБ-ын дэмжлэгийг хүртэх, олон улсын хамтын ажиллагаа өргөжин бэхжих зэрэг олон талын ач холбогдолтой юм. Гэтэл НҮБ-ын Хүний эрхийн сургалт, сурталчилгааны төвийг Монгол Улсад байгуулахад зориулж нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд 2645 м2 газрыг олгосон хэрнэ 2024 оны Улсын төсөвт тус барилга байгууламжийн бүтээн байгуулалтыг зардалд зориулж нэг ч төгрөгийг суулгаж өгөөгүй байгаа юм. Энэ хоёр хөршийн эсэргүүцэлтэй тулгарсан байхыг ч үгүйсгэхгүй юм.