Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар ХЗБХ-нд шилжүүллээ

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар ХЗБХ-нд шилжүүллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2023 оны аравдугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан, Ц.Даваасүрэн нар асуулт асууж, хариулт авсны дараа төслийн талаарх зарчмын зөрүүтэй хоёр саналаар санал хураалт явуулсан. Тухайлбал, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 2 дахь заалтын 8 дахь хэсгийг "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнтэй холбогдуулан эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх авах, сунгах, ангилал нэмэх, өөрчлөх, нөхөн авах, тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийх эрхийг хязгаарлана. Хүн, хуулийн этгээд эрх бүхий этгээдээс оногдуулсан торгох шийтгэлийг энэ хуулийн 3.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол цагдаагийн алба хаагч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг торгох шийтгэлийг биелүүлж дуусах хүртэл хугацаанд хязгаарлана. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслийг хуульд заасан журмын дагуу тусгай талбайд хүргэх. эсхүл бусад аргаар хөдөлгөөнийг нь хязгаарлана.” гэж өөрчлөн найруулах, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 2 дахь заалтын 21.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Мөрдөн шалгах" гэсний өмнө “Шүүгч, прокурор, хууль сахиулагч, өмгөөлөгч," гэж нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.  

Иймд хуулийн төслүүдийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Хууль зүйн байнгын хороонд шилжүүлэв.