Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаяр, Н.Чинбат нарын бүрэн эрхийн хугацаа дууссантай холбоотойгоор Цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны хурлаар хэлэлцсэн байна.
УИХ-аас Л.Өлзийсайханыг, Улсын Дээд шүүхээс О.Мөнхсайханыг нэр дэвшүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч 2023 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 16 дугаар захирамжаараа Э.Энхтуяаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулахаар Улсын Их Хуралд санал болгосон байна. Нэр дэвшигч Э.Энхтуяа нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн, нөхөр хүүхдийн хамт амьдардаг байна. 1995 онд Ховд аймгийн 10 жилийн I дунд сургуулийг, 1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг тус тус төгссөн. 2005 онд Япон Улсын Кюши их сургуульд хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан, англи, орос хэлтэй.
Тэрбээр 1999-2000 онд Ховд аймгийн прокурорын газрын нарийн бичиг, 2000-2001 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газарт бичиг хэргийн эрхлэгч, 2001-2002 онд ХЗДХ-ийн дэд сайдын туслах, 2002-2012 онд ХЗДХЯ-ны Хууль зүйн бодлогын газрын мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, 2012-2016 онд ХЗЯ-ны Эрх зүйн шинэчлэлийн бодлогын газрын ахлах мэргэжилтэн, 2016 оноос ХЗДХЯ-ны Бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар тус тус ажиллаж байжээ.